2025.03.28

Л.Оюун-Эрдэнэ: Улстөржилт нь бодит байдлаа давж гараад үнэн мэдээлэл хүрэхгүй байна

УИХ-ын чуулганы /2025.03.28/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэл тайланг хэлэлцээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүний асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Эрчим хүчний салбарын реформийг дэмжиж байгаа парламентын болон ЗГ-ын гишүүд үнэн бодит нөхцөл байдлаас битгий ухраасай хэмээн уриалж байна. Одоо цагт өвдөлт их өгнө. Гэвч үйлдвэрлэлийн өртгөөс нийлүүлж буй өртөг нь хэд дахин хямд нөхцөлд яаж орон сууцжуулах вэ, яаж үйлдвэрлэл баригдах вэ. Энэ үнэнээс бид 34 жил зугтаасан. Үүнтэй нүүр тулж бодит тоон судалгаа гаргаад “мөс зүсч байгаа” ЗГ-ын сайд нар, парламентын гишүүд та нартаа Ерөнхий сайдын хувиар талархаж байна. Гэвч шийдэл байхгүй байна шүү дээ. Тиймээс бид суурь асуудлууудаа зориг гарган шийдэх л ёстой .  Улс төр хийсэн нэг хүний арчаагүй үйлдлээс болж бид ухарч болохгүй. Эрчим хүчний үнийг чөлөөлөх нь зөв байсан. Үүнийг хамтарснаараа хийж чадсан. Энэ талаар бүсчилсэн, томсгосон тойргоос пропорционал тогтолцоогоор орж ирсэн гишүүд л ярьж чадаж байгаа. Тэгэхээр үйлдвэрлэлийн өртөг тоон утгаараа ямар байгааг илүү таниулах ёстой. Олон нийт үүнийг эсэргүүцээд байгаа гэж бодохгүй байна. Нөхцөл байдлыг ойлгоно. Харин тайлбар дутаж байгаа. Улстөржилт нь бодит байдлаасаа давж гараад байж мэднэ. Гэхдээ ирээдүйд бүтээн байгуулалтууд хийгдсэний дараа зөв шийдвэрүүд байсныг ойлгох болно.