
2025.02.24
Л.Оюун-Эрдэнэ: Төмөр замын хилийн хоёр дахь боомт ашиглалтад орох боломж нээгдлээ
УИХ-ын 2024 оны намрын чуулганаар Монгол Улсын Засгийн газар хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан. Ингэснээр 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарч байсан энэ асуудлыг шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлсэн.
Улмаар 2025,02,14-ний өдөр хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурагдаж, энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн юм. Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ.
Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэх аж.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn