
2025.04.25
ГАНЦМОД-ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ИРЭХ САРЫН 14-НД ЭХЭЛНЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд болж, тус хуралдаанаар "Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт"-ын тухай болон "Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгах тухай", "Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллах тухай" зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулж, холбогдох мэдээллийг өглөө.
Танилцуулгатай холбогдуулан энэхүү бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлж, төлөвлөгөө гарган ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүст даалгалаа.
Мөн төмөр замын барилгын бүсэд техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийж, БНХАУ-ын талтай уялдаа холбоог хангаж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг анхаарууллаа.