2025.03.27

П.Сайнзориг: Хийсэн ажлаа тайлагнаад улс төрөөс гарч буй гишүүдийн боломжийг хааж байна

УИХ-ын чуулганы /2025,03,27/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй шалтгаануудыг хэлье. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй улс төрийн албан тушаалтны талаар ярихаас илүүтэй илүүтэй ямар хүн сонгосон, юу хийж амжуулсан, цаашид сонгох эсэхээ шийдэх боломж нь иргэдэд гишүүдийн уулзалт, тайлангаар олгогддог. Тиймээс иргэдийн мэдэх эрхэд халдсан шинжтэй байна. Сонгуулийн жилд тайлан мэдээ хүргэж байгаа хүн болгон УИХ-д нэр дэвшинэ гэсэн үг биш.  Юу хийснээ тайлагнаад улс төрөөс гарах гэж хүмүүсийн боломжийг хааж байна уу даа гэж харж байна. Улс төрийн албан тушаал хашиж буй хүмүүс иргэд олон нийтдээ нээлттэй, мэдээллээ хүргэх үүрэгтэй. Энэ үүргийг шууд байхгүй болгож болохгүй гэсэн Д.Цогтбаатар гишүүний үгтэй санал нэг байна.

Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хязгаарлаж байна уу даа гэж харсан. 4 жилээр иргэддээ нээлттэй ил тодоор үйл хэргээ тайлагнаад явах үүрэг бүхий албан тушаалыг нь 3,6 жил болгож, Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийн хугацааг нь хязгаарлах нөхцөл үүсэх вий. Сонгуулийн сурталчилгаа хийх хугацаа, хэлбэр, хэмжээг нь тодорхой болгох өөрчлөлтүүд хийж болохоос биш гишүүдийн ард түмэнтэйгээ уулзах, ажлаа тайлагнах боломжийг хязгаарлаж болохгүй.