2025.05.22
Б.Бат-Эрдэнэ: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудлыг сурталчлахад ямар зохицуулалт хийгдэх вэ?
УИХ-ын чуулганы /2025.05.22/-ны өдрийн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт, асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Нэгдүгээрт, Энэ маш чухал хуулийн төсөл байгаа юм. Хүний эд эрхтэн худалдаалах тухай асуудал энэ хуулийн хүрээнд хөндөгдөх болов уу гэж бодож байна. Хуулиараа 14 дүгээр зүйл дээр “Донорын эд эрхтэн улсын хилээр нэвтрүүлэх” дээр 14.1 хүний эд, эрхтэн, эсийг экспортлохыг хориглоно гэсэн зүйл заалттай. Олон асуудлыг олон талаас нь бодох хэрэгтэй. Мөн нийгэмд суртачилахтай холбоотой асуудал байна. Уран сайхны, инээдмийн, драма гэх зэрэг кинонууд хийгдэж байна. Мөнгөний дутагдалд ороод нэг бөөрөө хэдэн сая төгрөгөөр өгөх гэж байна гэсэн инээдмийн кино байна. 70 настай хүнийг худалдаалахтай холбоотой ганц бие, эрүүл биетэй хүн байна гэдэг ч юм уу. Ааваа зарна гэсэн кинотой холбоотой асуудал тухайн үед Шударга ёсны хэрэг эрхлэх газар ажиллаж байх үед хөндөгдөж байсан. Энэ нь хүнийг хүндлэхтэй холбоотой асуудал яригдаад явна. Энийг давхар харвал эд эрхтэн наймаалах гэсэн асуудал хөндөгдөнө гэсэн үг. Тэгэхээр бид суртачилах асуудал дээр ямар зохицуулалтыг хийж явах вэ?
Хоёрдугаарт, донор болохоо илэрхийлэхтэй холбоотой асуудал байна. Сая Ж.Чинбүрэн гишүүн хэлчихлээ. Батчулуун эмчтэй холбоотой асуудал сошиал дээр нэлээн өрнөсөн. Намайг үхвэл ингээрэй гээд сошиал дээр шууд бичих зэрэг асуудлууд байгаа. Магадгүй муугаар бодоод тухайн хүнтэй асуудал үүсээд амьгүй донор болох нөхцөл байдал үүслээ. Сошиал дээр бичсэн тухайн үеийн постыг нотлох баримтын хэлбэр дээр авч үзэж болохгүй байх. Гэхдээ үүнийг суртачилах, донор болох тал дээр яаж хөндөж авч үзэх вэ? Үүнийг суртачилгааны хэсэг дээр зөв зүйтэй гаргаж ирж хиймээр байна. Энэ нь гэрээслэлийн түвшин мөн үү биш үү?
Нөгөө талаараа гэрээслэлээ албан ёсоор бичээд явж байгаа хүмүүс байна. Ар гэрийхэн нь тухайн гэрээслэлийг хүлээн зөвшөөрөхгүй асуудлууд үүсдэг. Үүнийг бид яаж авч үзэх вэ? Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотойгоор донорын аюулгүй байдлыг яаж хангах ёстой вэ? 11 дүгээр зүйл дээр донор болохоо илэрхийлээд, донорын гэрчилгээ эзэмшигч боллоо гэж бодьё. Тэгвэл бид донорын эрхтэн шилжүүлэх тухай, ёс зүйн аюулгүй байдалаа хэрхэн зохицуулах ёстой вэ? Санаатай болон санаандгүй тохиолдлоос донороо хэрхэн хамгаалж авч үлдэх ёстой вэ? Гадаад улсад донор эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд хамрагдаж байгаа иргэдийн тоог бууруулах тал дээр Монгол Улсын төр ямар арга хэмжээг авч ажиллаж ёстой вэ?

Сэтгүүлч