УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2025,03,10/-ны өдрийн хуралдаанаар “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
"Соёлт гэж хэлж болох улс орнуудад мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж хавтгайрсан нууц байхгүй. Гэмт хэргийг илрүүлэх, түүнтэй холбоотой тактик, үйл ажиллагааны нууц байгаа бол үүнийг албаны нууц гэнэ. Албаны нууцыг хадгалах үүрэг бол тэр албанд ажиллаж байгаа эсвэл тэр албаны үйл ажиллагааг мэдэж байгаа эрх бүхий этгээдүүдтэй хамаатай болохоос биш хүн болгон руу халдаж, хэрэглэж болохгүй зүйл.
Мөрдөн шалгах ажиллагаанд нууцалсан мэдээ баримт гэж байгаа бол тэр нь шүүхийн анхны хэлэлцүүлэг хүртэл нууцлагддаг. Жишээ нь, нууцалсан гэрч эсвэл нууц мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цугласан мэдээлэл гэхмэтчилэн цөөн хэдхэн зүйл байна. Байнгын нууц байхгүй. Шүүх рүү очсоныхоо дараа заавал ил болох ёстой. Эсвэл шүүх хаалттай хэлэлцэж байсан ч тэр мэдээллийн эх сурвалж нь нөгөө талдаа ил болж байх ёстой гэдэг шаардлагуудыг тавьж эхэлж байгаа юм.
Энэ орчин үеийн шаардлагад нийцсэн үг хэллэгээр оруулахгүй бол манайд ийм гээд нууцлах байдлаар явах юм бол зовлон үүснэ.
Хоёрт нь, мөрдөн шалгах үйл ажиллагааны нууцтай холбоотой Эрүүгийн хуулийн заалтыг сайжруулах, өөрчлөх шаардлага үнэхээр байгаа!"