2025.02.06

Ж.Батсуурь:“Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл долоодугаар сард ашиглалтад орно

Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах ганц шийдэл нь иргэдээ орон сууцжуулах. Энэ шийдлийг амтай бүр олон жил ярьж байгаа ч амьдрал дээр хэрэгжихгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 7-р хороолол, 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл ирэх долоодугаар сард ашиглалтад орох таатай мэдээг албаныхан хэлж буй. 2022 оны зургаадугаар сард эхэлсэн энэ төслийн барилга угсралтын ажил өнөөдөр 80 орчим хувьтай хэвийн үргэлжилж байна. Энд баригдаж буй барилга нь цутгамал төмөр бетон зоорьтой 21 давхар, 8 блок, 84,833м2 орон сууцны төсөл юм. Мөн нэгдсэн 2 дулаан авто зогсоолтой.

Давхартаа 49.95, 55.04мкв хоёр өрөө бүхий 6 айл, нийт 1008 айлын орон сууц амьдрах цогцолбор хэлбэрээр баригдаж байгаагаараа онцлогтой. Барилгын ажил эхлэхэд хөрсний ус ихтэй байсан учраас 19 цооног өрөмдөж, хөрсний усаа шийдсэнээр зарим байруудын зоорины давхар нь үер усанд автдаг асуудлыг бүрэн шийдсэн байна.

Ийнхүү хорооллын доторх авто зам, ил далд авто зогсоол, ногоон байгууламж, гадна төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор хорооллыг ирэх долоодугаар сард ашиглалт оруулахаар төлөвлөжээ. Мөн 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг баригдана. “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл БНХАУ-ын 328 сая юаны буцалтгүй тусламжаар баригдаж байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn