2025.01.23

П.Сайнзориг: Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, төсвийн бодлоготой уялдуулах ёстой

УИХ-ын чуулганы /2025.01.23/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Монгол Улсын авлигалын индексийг хойш татаж байгаа гурван зүйл байгаа. Үүнээс төрийн өмчит болон орон нутгийн компанийн засаглал, ил тод байдал. Үүнээс үүдээд улс төрийн намын санхүүжилтийн асуудал яригддаг. Олон жил асуудал ярьсан ч ямар ч шийдвэр гаргасангүй. Энэ парламент хамтарсан Засгийн газрын үед үүнийг шийдэх хэрэгтэй. Энэ асуудлыг шийдэж чадвал хувийн хэвшилд маш том бизнесийн орон зайг гаргаж өгнө. Төрийн оролцоогүй бизнесийн салбар байхгүй болсон. Тэгэхээр энэ зүйлүүдийг цэгцэлж чадвал Монгол Улсад бизнес хийх боломжтой болно. Магадгүй цаашдаа 1-2 компанийг дэлхийн зах зээл дээр гаргаж ирэх ёстой. Тэгж хувийн хэвшил үүнээс сэдэлдчих ёстой. Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, төсвийн бодлоготойгоо уялдуулмаар байна. Түүнээс биш улс төрийн шийдвэр эсхүл нэг дарга шийдвэр гаргахаар Монгол Улс давхар төсөвтэй болоод байна. Өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчит компанийн нийт орлого 23 их наяд байна. Үүнээс 16-17 их наядыг үйл ажиллагаандаа зарцуулж 5 их наядын цэвэр ашигтай. Тиймээс энэ бүх зүйлүүдийг цэгцлэх цаг нь болсон. Авлигатай тэмцье, эрчим хүчний реформ хийх, баялагтаа эзэн байя, баялгийг шударгаар хуваарилъя гэх энэ бүгд яг энэ хуулиас эхэлнэ. Энэхүү хуулийг зөв хийж чадвал яриад байдаг зүйлүүдийг хамтарсан засгийн газрын үед нэлээн дөхүүлнэ. Бүх зүйлийг шийднэ гэж хэлж чадахгүй. Энэ хууль батлагдвал Улаанбаатар төмөр зам гэдэг нийгэмлэгээс бусад нь компани болно. Компанийн засаглалын стандартыг хангаж эхэлнэ. Улс төрийн томилгооноос ангид байлгаж үр өгөөжийг нь нэмэгдүүлнэ.  

Түүний асуултад, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариуллаа.