2025.01.23

Б.Баярбаатар: Төрийн өмчит компани асуудлыг яагаад зоригтой цэгцэлж чадахгүй байна

УИХ-ын чуулганы /2025.01.23/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

Нарийн танилцсан, өнөөдрийн цаг үе дээр энэ хуулийн төсөл орж ирэх нь зөв байх. Гэхдээ нэг талаараа энэ асуудал бас арай дутуу байгаа юм болов уу гэж анзаарсан. Өнөөдөр Монгол Улсад төрийн өмчит 122 компани үйл ажиллагаа явуулж байгаа 99 толгой, 23 охин компани эндээс 5 нь ашигтай, бусад нь алдагдалтай ажилладагөрийн өмч дээр үүсээд байгаа нөхцөл байдал нь юу юм бэ гэхээр нэгдүгээрт засаглал, хоёрдугаарт худалдан авалт, гуравдугаарт төлөвлөлт, дөрөвдүгээрт үр дүн гэсэн ийм дүнгээр явж байгаа. Өнөөдөр энэ засаглалаа бид нар засахгүй бол, ар талын гурвын нь ярих ямар ч боломж байхгүй. Олон улсын жишгийг харах юм бол төвлөрсөн, төвлөрсөн бус, холимог гэсэн ийм засаглалын тогтолцоо байдаг. Харин манайх яг алинд нь хамаардаг юм бол? Аль нь Монголын энэ нөхцөл байдалд тохирох юм бол, зарим нэг ТӨК-уд нь нөгөө төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраа хамаарч байх шиг.

Зарим нэг нь салбарын яамдууд дээрээ хамаараад явж байгаа нь холимог ч юм шиг, төвлөрсөн бус ч юм шиг ийм нөхцөл байдал анзаарагдаад байгаа юм. Дээр нь энэ төрийн өмчтөнөөс бид нар улс төржилтийг арилгахгүй бол угаасаа шинэчлэл реформ явагдахгүй .Үүнийг орж ирж байгаа хуульд хэрхэн орж ирсэн юм бэ?

Хоёрдугаарт энэ 3 жил ашиггүй ажиллаад татан буугдана гэдэг нэг ийм агуулга орж ирж байгаа. Үүний цаана арай өөр санаа яваад байна уу, гэж хараад байгаа. Гурван жил ашиггүй ажиллуулаад, хувьчилж авах санаа яваад байна уу гэж хараад байна. 1996 оноос хойш Монгол Улсын төрийн өмчид энэ өмч хувьчлал нэрийн доор сэтгэлгүй хандаж ирсэн олон хүн, өнөөдөр олигарх болчхоод явж байгаа шүү дээ. Бид нар өнөөдөр энэ парламентын танхимаас гарч байгаа шийдвэр, үүнийг зөв зохицуулалтад ороод засах ёстой.

Гэтэл буцаагаад хууль эрх зүйн орчныг нь нээж өгөөд, илүү тодорхой заалтаар оруулж өгөөд байгаа юм болов уу гэж хардалт төрж байгаа юм. Бид нар засах гэж байгаа бол үүнийг сууриар нь засах ёстой. Их хурал дээр өнөөдрийн мөрдөгдөж байгаа Төрийн болон орон нутгийн өмч хуулийн ажлын хэсгийн хуульд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийг би өөрөө ахалж байгаа. Учрал сайд аа яг таны ярьж байгаа бол дэвшилтэт үзлийг ойлгоод байгаа юм. Гэхдээ миний түрүүний хэлсэн нөгөө засаглалын загвараа бид нар зөв зүйтэй сонгож чадахгүй бол, таны ярьж байгаа ажлууд зүгээр салхинд явах гээд байна. Би үүнд санаа зовоод байгаа байхгүй юу.

Бид нар яагаад зоригтой энэ асуудал руу орж чадахгүй байгаа юм бэ. Мэдээж үүний цаана нь ашиг сонирхол, янз бүрийн юм байдаг л байх. Өнөөдөр Монгол Улсын төр өмчөө мэддэг байх ёстой. Жишээлбэл ашигтай ажиллаж буй таван компани яагаад нээлттэй компанийн байдлаар, хяналтын систем тогтоож болдоггүй юм.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Засгийн газрын, хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn