2025.01.23

Б.Мөнхсоёл: Үндэсний аудитын газрын үүр функцийг төрийн аудитыг хасах болон хөндлөнгийн аудитыг оруулж ирэх замаар хийх гэж байгаа нь зөв үү!

УИХ-ын чуулганы /2025.01.23/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: 

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалын тухай хуулийн төсөл нь яагаад чухал вэ? Учир нь бид намаржингаа хэлэлцсэн төсвийн сахилга бат буюу түүн дотроо төсвийн алдагдал, өрийн удирдлагын асуудал гээд энэ бүхэнтэй шууд холбоотой. 2022 оны байдлаар л гэхэд төрийн өмчит үйлдвэрийн газруудын нийт өрийн хэмжээ нь 7 их наяд төгрөг байсан. Энэ нь ДНБ-ий 16%-тай тэнцүү буюу олон улсад энэ хэмжээ 7%-тай байдаг. Бид бүгдээрээ санал нийлж байгаа зүйл юу вэ гэхээр төрийн өмчит үйлдвэрийн газар, төкүүдийн засаглал сайжирч, ашигт ажиллагаа нэмэгдэх ёстой. Гэхдээ гагцхүү зорилго зорилтдоо хүрэхийн тулд энэ боловсруулж байгаа хуулийн төсөл маань яг одоо байгаа төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудын шилжилтийг хэрхэн хийх вэ?

Энэ нь эргээд иргэдэд зайлшгүй шаардлагатай нийгмийн шинжтэй эрчим хүчний бусад дэд бүтцийн шинжтэй эрэлт хэрэгцээг хангахгүй байна. Зөвхөн одоогийн байгаа гибрид бүтцийг илүү дэмжсэн, илүү ашигтай юм уу, зах зээлийн шэйр өндөртэй, багтаамж өндөртэй хэсгүүд рүү орчих эсвэл хувийн салбар буруу аргаар төрийн өмч орчих магадлалыг ямар арга замаар сайжруулж байгаа нь хуулийн төслөөс тодорхой харагдахгүй байна. Үүн дээр илүү итгэл өгөх байдлаар 3 гол гэсэн зүйлээ хариулж өгнө үү. Цаашлаад маш олон асуулт байгаа. Үндэсний аудитын газрын үүр функцийг төрийн аудитыг хасах замаар хөндлөнгийн аудитыг оруулж ирэх замаар хийх гэж оруулж байгаа нь зөв үү?

Түүний асуултад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан