2025.01.07

Асрахуй, сувилахуйн асуудлаар эрх зүйн болон тогтолцооны шинэчлэл хийнэ

УИХ-ын 126 гишүүдийг шинэ,хуучин гэж “цоллох” хандлага ажиглагдаж байна. Шинэ гишүүд дотор улс төрд бэлтгэгдсэн,туршлагатай гишүүд цөөнгүй бий. Миний хувьд УИХ-ын сонгуульд 2020 онд нэр дэвшиж байсан. Тухайн онд орон нутгийн сонгуульд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, дөрвөн жил ажиллалаа. Үүнээс өмнө улс төр, төрийн албанд алба хашсан. Өмнөх туршлага дээрээ үндэслэн ямар ажил дээр илүү төвлөрч ажиллах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

Өнөөдөр манай улсын бүх салбарт мэргэшсэн нарийн мэргэжлийн хүмүүсийн дутагдалд орсон. Үүнд анхаарал хандуулан, ХБНГУ-ын Тюринген мужид нийслэл хотын хөгжил, цэцэглэлтэд шаардлагатай нарийн мэргэжлээр 120 хүүхэд суралцуулж байна. Энэ хүүхдүүд маань 2,5 жил нарийн мэргэжлээр сурангаа, мэргэжлээрээ компаниудад ажиллаж, сарын 1000 еврогийн (€) цалин авдаг. Нийслэлийн төлөөлөгчөөр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажиллахдаа хийсэн онцлох ажлын нэг нь энэ. Амжилттай хэрэгжиж буй төсөл цаашдаа ч үргэлжлэх юм.

Харин УИХ-ын гишүүний хувьд ахмад настануудад чиглэсэн асрахуй, сувалахуй, асрамжийн үйл ажиллаанд илүү анхаарч ажиллана. Өнөөдөр манай улс 500 мянга гаруй ахмад настантай. Асрахуй сувилахуйн үйлчилгээ, тогтолцоог олон улсын жишигт хүргэж, залуу нас, бүхий л амьдралаа улс орныхоо хөгжил дэвшилд зориулсан ахмад настнуудаа бид хүний ёсоор, сэтгэл дүүрэн, хангалуун сайхан амьдруулах учиртай. Зөв, сайн тогтолцоог бүрдүүлэх ёстой. Үүний төлөө хичээн ажиллана. Өнгөрсөн гурван сарын хугацаанд төсвийн хэлэлцүүлгийн их ажилтай зэрэгцүүлэн энэ чиглэлээр судлаж, ахмадуудаа сонслоо, уулзлаа. Монгол Улсын халамжийн салбарын ууган байгууллага болох Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцсан. 100 жилийн түүхтэй тус төв анх өнчин ядуусыг асрах газар нэртэйгээр байгуулагдсан байдаг.

Улсдаа ганц Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвд эдүгээ 175 өндөр настан амьдарч байгаагийн 90 гаруй нь эмчилгээ шаардлагатай, тэдний тэн хагас нь хэвтрийн хөгшид байна.

Ахмад настны үндэсний төвд асрамжлуулж байгаа иргэдийн тэтгэврийн 70 хувийг төрийн санд төвлөрүүлж, 30 хувийг өөрт нь өгдөг байснаа 2012 оноос төрийн санд 30 хувийг авч, өөрт нь 70 хувийг олгодог болжээ. Энэ бол нэг дэвшил. Харин 10 гаруй хувийн асрамжийн газрын олонх нь Тереза эхийн сангаас санхүүждэг ажээ. Энд 100 гаруй ахмад настан асруулж байна. Өнөөдөр асрамжийн газрыг ердөө л орон гэргүй, асрах хүнгүй, хэцүү амьдралтай хүмүүсийг авчирдаг байх тэр зарчим хуульд хүртэл яг хэвээрээ байгаа. Энэ сэтгэхүйг өөрчилж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр асрах, сувилахуй үйлчилгээ хэрэгтэй хүн бүрийг зохих түвшинд нь хангалуун, сайхан байлгадаг, тав тухтай амьдруулдаг асрахуйн үйлчилгээний газруудыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа

Асрахуй сувилахуйн үйлчилгээг дан ганц ахмадын асрамжийн газар гэж хязгаарлаж болохгүй, өвчтэй, асрамжид буй хүмүүсийн сувилахуйн шинэ реформ гэж хэлж болно.

Асрамжийн газарт орон гэргүй, асрах хүнгүй, хэцүү амьдралтай хүмүүсийг авдаг гэсэн нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөх болсон. Миний ярьж буй энэ ажил зүрх сэтгэлд маань олон жил тээгдсэн. Боломж олдвол ажил хэрэг болгохоор судалж, санаа тавьсаар ирсэн юм. Германд оюутан байхдаа өвчтэй хүмүүсийг асардаг асрамжийн газар ажиллаж байсан. Монголдоо ирээд энэ үйлчилгээг нэвтрүүлэх хүсэл байсан ч, хууль эрх зүйн хувьд боломжгүй байлаа. Асрамжийн үйлчилгээг сайхан сэтгэлээр хийж буй хүмүүс буруудаж, хэрэгт орохоор нөхцөл байдалтай байсан юм. Тийм учраас энэ асуудал маш эмзэг юм байна гэдгийг ойлгосон.

Харин 2025 оны нэгдүгээр сараас хэрэгжих, Ахмад настны тухай хуульд энэ талаар маш тодорхой зааж өгсөн. Одоо багахан асуудлыг Гэр бүл ,хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дээр журмаар цэгцэлж, ажил хэрэг болох боломжтой гэж харж байна. Түүнчлэн халамжийг замбараагүй цацах биш, үүнийг асрахуй, сувилахуй, асрамжийн үйлчилгээг шинэ шатанд гаргахад хангалттай зарцуулах ёстой. Үүнийг дэлхий нийтээр жишиг болгон хэрэгжүүлдэг. Энэ бол айл бүрд хамаатай асуудал.

Манай улсад өнөөдөр асрахуй, сувилахуйн асуудлаар эрх зүйн болон тогтолцооны томоохон шинэчлэл хэрэгтэй байна. Эмнэлгүүдэд гэхэд л асрагч гэдэг албан тушаал эрэмбэ дарааллын хамгийн сүүлд бичигдэж, хамгийн бага цалин хөлс авдаг хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад эсрэгээрээ, эмчилдгээсээ илүү асардаг, сувилдаг хүмүүсийн хөдөлмөр өндрөөр үнэлэгддэг. Тэгэхээр энэ талаарх хууль тогтоомжид өөрчлөлт, нэмэлт оруулаад орхих бус бие даасан хууль батлах. Сүүлийн 30 жил үндсэндээ ач холбогдол нь бараг байхгүй болчихсон асран сувилахуйн үйлчилгээний үндсэн өөрчлөлтийг эхлүүлэх нь зүйтэй.

Үүний тулд тал бүрийн судалгаа, үнэлгээг хийж байна. Мөн бид Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Судалгааны хүрээлэнд өндөр хөгжсөн улс орнуудад асрахуйн үйлчилгээ ямар журмаар явагддаг, яаж санхүүждэг, хяналт, зохицуулалт нь ямар байдаг зэрэг судалгаа хийлгэхээр захиалга өгөөд байгаа. Мэргэжлийн яам, агентлаг, холбогдох байгууллагуудаас бас санал авч байна. Энэ талаар бүрэн эрхийнхээ хугацаанд ярьж, хийж хэрэгжүүлж ажиллана.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn