2024.12.26

П.Сайнзориг: Монгол Улсын нийтлэг эрх ашиг дээр нэгдэж чадвал, үр дүн гарна

УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:  

Тогтоолын төслийг дэмжиж байгаа. Мөн ч их цаг алдлаа. Үүний цаана Монгол Улсын маш том боломжууд хийсэн, одсон. Энэ боломжийг алдаж байгаа цаг хугацаагаа үргэлжлүүлэх үү, эсвэл цэг тавиад зарим зүйлүүд дээрээ дүгнэлт хийгээд, урагшлах уу гэдэг түүхэн сонголт дээр энэ парламент ирж байна. Энэ парламентын шийдвэр гаргах энэ боломжийг хамтарсан Засгийн газар зориглон яриа, хэлэлцээрийг үр дүнтэй ажиллаж, оруулж ирсэнд талархаж байгаа. Энэ бүх үйл явдлуудын холбоосыг хэлмээр байгаа юм. Магадгүй өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2023 онд хийж, холимог сонгуулийн тогтолцоог оруулж, парламентыг өргөжүүлж чадаагүй бол дахиад тоглолтууд явахыг үгүйсгэхгүй л байсан байх. Зарим эерэг үр дүн ингэж гардаг юм байна. Хамтран ажиллах бололцоо байна. Монгол Улсын нийтлэг эрх ашгий улс төрийн сэдэв болгож, олон жил явсан. Бид нийтлэг эрх ашиг дээр монголчууд нэг талдаа, институц хоорондоо парламент дахь намуудын бүлэг намууд нэг талдаа гарч чадахаар бас ямар үр дүн үзүүлж байсан бэ гэдэг зүйлийг Оюунтолгойн сүүлийн 2 3 жилийн кэйсийг бас хэлмээр байна.

Бид тоглолтод орж гүйгээгүй, нэг талдаа байсны хүчинд Монголын нийт ард түмэн дээр бичигдчихээд байсан 2,3 тэрбум доллар тэглэгдсэн. Бид урагшлуулах, хөрөнгө оруулагч тал дээрээ ойлголцохгүй байсан зүйлийг шийдэхийн төлөө явж байгаа. Парламентад 81 залуучууд шинээр сонгогдсон. Улс төрийн соёлыг зөв эхлүүлж, Монгол Улсын нийтлэг эрх ашиг дээр бат зогсох ёстой. Аливаа шийдвэрийг гаргахдаа сайн мууг нь тунгааж хэлэлцэлгүй яах вэ. Үүнийг улс төржиж, гадна дотнын гар хөлийн эрх ашигт авталгүйгээр гаргах нь чухал. Өнөөдрийн энэ асуудал зөвхөн нүүрс зарж, тодорхой төсвийн орлого бүрдэх асуудал биш юм. Төмөр замын холболт хийгдсэнээр төмөр замын боомтын саад бэрхшээл арилна. Өнөөдөр мянган төгрөгөөр авдаг бараа, материал, үйлчилгээний 150-аас 300 төгрөг нь тээвэр ложистикийн зардал байгаа.

Жирийн бизнес хийж байгаа залуучууд захиалсан бараагаа Монгол улсад авчирч чадахгүй, боомтууд дээр түгжээ үүсчихсэн. Монгол Улс шиг Замы н Үүдийн боомт дээрээ барилгын материал, химийн бодис, хүнс гээд бүх зүйлээ татдаг, зорчигч нь давхар орж ирдэг ийм улс байхгүй. үүнийг Ганц мод, Гашуун сухайтын хил холболтын асуудлыг шийдэхгүйгээр бизнес ийн дарамт арилахгүй. Тээвэр,ложистикийн асуудал их хүнд байна. Үнэхээр төмөр зам дээр экспортод гаргах гэж буй бараа, бүтээгдэхүүнээ экспортлоход олдохгүй байна. Орж ирж байгаа бараа материалууд гацдаг. Энэ тогтоолоо өмнө нь гарч байсан тогтоолын уялдааг хангах нь зөв юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn