2025.03.28

Т.Доржханд: Хоёр улсын хэлэлцээрт хил холболтын асуудлаас гадна Сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг тодорхой тусгасан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.03.28/ хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Д.Энхтуяа гишүүний асуултад Шадар сайд Т.Доржханд хариуллаа.

Хятадын ЗГ-тай байгуулж буй анхны гэрээ гэдгийг дахин онцолж хэлмээр байна. БНХАУ-ыг тойрсон 14 улс байдаг. Хөгжиж байгаа улсуудтай ийм гэрээ байгуулаагүй байдаг гэдгээрээ онцлог. Үүгээр бид хийж авсан, тохирч авсан зүйл юу вэ гэхээр зөвхөн хил холболт, уул уурхайн асуудал биш. Энэ бол эрчим хүчний хамтын ажиллагааны асуудлыг тов тодорхой гэрээн дээрээ тусгасан байгаа. БНХАУ-ын зүгээс Монгол Улсаас эрчим хүч авъя гэдгээ хоёр удаа Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тохиролцсон байдаг юм байна. 2005, 2015 онуудад. Тэгэхдээ 5 жилийнхээ төлөвлөгөөнд тусгаад эрчим хүч авъя, эхнийх нь 10,7 гегабайт , дараагийнх нь 5,8 гегабайт аваад цаашид нэмье гэсэн ийм тохиролцоонууд хийгдсэн байдаг юм билээ. Харамсалтай нь манай ажлаа хийж чадаагүй. Бодит байдал нь бол тэр. Цаашид яах вэ гэхээр сэргээгдэх эрчим хүч нийтийн хэрэглээ болчихсон. Энэ чиглэлээр тоног төхөөрөмж үйлдвэрлэл явуулдаг тэр зах зээлийн 90 хувийг Хятад дангаараа хангадаг. Энэ хэлэлцээрийн давуу тал нь юу вэ гэхээр Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтын ажиллагаа хийе гэдэг үгээ тодорхой тусгаснаараа онцлог байгаа. Үүнийгээ баталгаажуулаад Шанхайд болсон Ерөнхий сайдын айлчлалаар бид энэ асуудлаа ярьсан. Үүнийгээ баталгаажуулаад сая нэг сарын өмнө Хайнаньд болсон Ерөнхий сайдын айлчлалаар буюу Хятадын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтаар маш тодорхойгоор эрчим хүчний хамтын ажиллагаа хийе. Бид цэвэр сэргээгдэх эрчим хүчийг танай талаас авъя гэдгээ уулзалтын протокол дээр тусгаад явж байгаа. Өөрөөр хэлбэл Хятадын хэрэглээ бол жилийн 2 тера буюу 2000 гегабайт жил бүр өсөөд явж байгаа. Их өгөгдөл дэлхий нийтийн хэрэглээ болсонтой холбоотойгоор цэвэр эрчим хүчний хэрэглээ дэлхий даяар өсч байна. Олон улсын хөрөнгө оруулалтын уулзалт дээр дараагийн 10 жилийн хугацаанд өнөөдрийн хэрэглэж буй дэлхийн эрчим хүчний хэмжээ 7 дахин нэмэгдэх ийм хэрэглээ үүсчихээд байна буюу цэвэр эрчим хүч маш их эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн болчихоод байгаа. Ийм агуулгаар бид гэрээ хэлэлцээрийг амжилттай хийсэн.