Х.Баттулга:Бидэнд хүдэр,жонш,нүүрс байна. Боломжийг шүүрч чадсан нь ирээдүйгээ босгодог
2011.11.16

Х.Баттулга:Бидэнд хүдэр,жонш,нүүрс байна. Боломжийг шүүрч чадсан нь ирээдүйгээ босгодог

Энэ сарын 3-4-нд төрийн ордноо төмөрлөгийн салбарынхан чуулсан. Энэ үеэр Зам тээвэр барилга хот байгуулалтынсайд Х.Баттулгатай"Металургийн салбарыгхөгжүүлэхэд дэд бүтэц, зам тээврийн бүтээн байгуулалтчухал" сэдвээр ярилцлаа.
-Бид үнэт металаа тойрч ярихаасаа өмнө төмөрлөгийн үйлдвэрээ хөгжүүлбэл энэ салбарын нэлээд нөөцтэй нь судлагдсан байх юм. Энэ тухайд таны бодлыгсонирхвол?

-Монгол Улс үнэт болон өнгөт метал, төмрийн хүдрийн арвин нөөцтэй. Мөн бид хятад үгээр ихэвчлэн ярьж ойлгодог доо болдын үйлдвэрлэлийн гол хэрэглэгдэхүүн болох коксжих нүүрсний баялаг нөөцтэй. Эдгээрийг нийлүүлбэл металлурги, болдын үйлдвэрлэл хөгжих бүрэн бололцоо, ирээдүйтэйг салбарынхан хэлдэг. Монгол газар шороон дээр хүрэл болон төмрийг боловсруулж, эзэмшиж байсны нотолгоо нь археологийн олдворууд элбэг таардаг. Бидний өвөг дээдэс анхны төрт  реаз  байгуулан  газар нутгаа тэлэхийн хэрээр хятад, энэтхэг, перс, мисир зэрэг улсуудаас төмөр боловсруулах дэвшилттэй арга технологийг сурч, ашиглаж ирсэн түүх бий. Монголчууд төмрийн хүдрийг боловсруулах өвөрмөц арга технологитой, дарханы баялаг уламжлалтай ард түмэн. 2000 жилийн тэртээгээс "Бух дарах" гэж аргаар байгалийн салхи, газрын тогтоцыг ашиглан хүдэр хайлуулж, зэр зэвсэг, эдлэл хэрэгслээ хийж явсан ч үйлдвэрлэлийн төвшинд хүртэл өргөжүүлж, хөгжүүлж амжсангүй.

-Боловсруулах, үйлдвэрлэх дамжлага руу хэрхэн шилжихвэ?

-Социализмын үед орчин үеийн металлургийн салбарын хөгжих эхлэл тавигдсан хэдий ч хүнд аж үйлдвэрийн салбар байдлаар бус зөвхөн түүхий эдийн бааз, анхан шатны боловсруулалт хийх дамжлага, засвар үйлчилгээнээс хэтрэхгүй байдлаар өнөөг хүргэжээ.Харин өнөөдөр бид металлургийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх, аж үйлдвэрийн том салбарын хэмжээнд өргөжүүлэх боломжтой тулж ирээд байна. Төмөрлөгийн үйлдвэрлэл бол аж үйлдвэржилт, бүтээн байгуулалтын цөм гэдгийг үйлдвэржсэн орнуудын туршлага бэлээхэн харуулж байна.

АНУ-ын хүчирхэгжилт, Орос, Хятад дэлхийн гүрэн болон дэвшихэд чухамдаа төмөрлөгийн үйлдвэрлэл л түлхэц өгсөн.

Өмнөд солонгос өөрийн нутаг дээр нэг тонн ч төмрийн хүдэргүй хэрнээ төмөрлөгийн аварга үйлдвэр Поско-г байгуулах гэж зүтгэж, босгож хөгжүүлсний учир нь үйлдвэржилтийн талх болсон болд, төмөр хийцийг өөрсдийн гараар бүтээх, хөгжлөө тасалдуулахгүй тэтгэх гэсэнд л байсан юм. Бидэнд юу байна хүдэр байна. Жонш байна. Хангалттай илчлэг бүхий нүүрс нь байна. Хөрөнгө оруулалт, санхүүгийн таатай нөхцөл ч бүрдэж эхэллээ. Аясын салхи аятай, алтан боломж биднийг ивээж байна. Боломжийг шүүрч, самбаачлан ашигласан ард түмэн л ирээдүйгээ итгэлтэй босгодог юм. Эхний ээлжид зэс, цайр зэрэг өнгөт болон хар төмөрлөгийн хүдрийг олборлон, анхан, дунд, гүн боловсруулалт хийж үйлдвэрүүд байгуулъя. Пиро, гидро металургийг аль алиныг нь эхлүүлье. Зэс, цайрыг гидро металлургийн аргаар боловсруулах боломжтой бол, төмрийг пиро металлургиин аргаар хайлуулья. Нэг нь нэгнээ нөхөж, хүхрийн хүчлийн асуудлыг шийдэж болно гэж мэргэжилтнүүд тооцож байгаа юм билээ. Улмаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай үйлдвэрүүдийг тэдгээрийг түшиглэн байгуулъя. Ажилгүйдлийг шийдвэрлэх том алхам энэ байх болно.

-Боловсруулах үйлдвэр бариад, ажиллах туршлага бий юу?

-Монголчууд төмөрлөгийн үйлдвэрлэл, хүнд аж үйлдвэрлэл эрхэлж чадахгүй, мэдэхгүй, зах зээл нь жижиг гэх мэт тайлбар тавьж байгаа хүмүүст битгий итгээрэй. Бид хэнээс ч дутахгүй.

Бидэнд бүх боломж, нөхцөл бий.

Одоо хийх, хөдлөх л дутагдаж байгаагаас бус санаачилга, бодлого, эрмэлзлэл дутаагүй. Үсрэнгүй хөгжлийн ирмэг дээр байгаа Монгол Улсад маш их төмөр хэрэгтэй. Орон сууцжуулалт, үйлдвэржүүлэлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг төмөргүйгээр төсөөлшгүй. Урд хойд хөршид ч асар их хэрэгцээ бий. Эргэн тойрон, дэлхий нийт төмрөөр цангаж байна. Бидэнд тэр их хэрэгцээний жоохон ч атугайг хангаад, өөрийн улсын хэрэглээг бүрдүүлээд байхаар их нөөц, чадамж бий. Металлург бол манай хөгжлийн стратеги, тогтвортой хөгжлийн тулгуур багана болох учиртай салбар юм.

-Хоёр толгойгоо хэт шүтсэн өнөөгийн манай улс орны хөгжил, хөрөнгө оруулалтын өнгө төрхийг та зөв гарц гэж хардаг уу?

-Зөвхөн түүхий эдийн олборлолт, экспортыг шүтсэн эдийн засаг нь манай хөгжлийн гарц биш! Хэн төмөрлөгийн үйлдвэрлэлийг эзэмшнэв тэрэнд хөгжлийн өргөн боломж нээгдэнэ гэдгийг байнга санаж, дорвитой төслүүд санаачлан хэрэгжүүлэх шаардлагатай байна, Эдийн засгийн мэдлэгт тулгуурласан, өндөр технологид суурилсан, боловсруулах үйлдвэрийн хөгжлөөр л урт хугацаанд, тогтвортой өсөлтөд хүрнэ.

-Зам тээврийн сайдын хувьд энэ салбарыг хөгжүүлэхэддэдбүтэцихээхэнчухал гэдгийг хэлүүлэлтгүй мэднэ. Төмөрлөгийн салбарыг хөгжүүлэхэд зам тээвэр дагаж хөгжих учиртай. Энэ тухайд?

-Уул уурхайн болон металлургийн бүтээгдэхүүнийг дотооддоо 50-1100 км хүртэлх зайд тээвэрлэн, цаашлаад дэлхийн зах зээлд хүргэхийн тулд ОХУ-ын далайн боомт хүртэл 4000 гаруй км, БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл 1700 км замыг туулах шаардлага бидэнд тулгардаг. Тээвэрлэлтийн зардлыг хямд, тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлэх нь Засгийн газрын үүрэг. Энэ хүрээнд манай яам ОХУ-тай дамжин өнгөрөх тарифын урт хугацааны, хөнгөлөлттэй нөхцөлийн хэлэлцээр байгуулахаар тохиролцсон. Мөн БНХАУ-тай ч ийм хэлэлцээр хийхээр ажиллаж байна. Уул уурхай, ашигт малтмалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын зүгээс хүсэлт гаргаж, зарим байгууллага өөрсдийн хөрөнгө оруулалтаар авто зам, төмөр зам барих ажлыг эхлүүллээ.

-Манай улс ханган нийлүүлэх бааз болжээ гэдгийг эрдэмтэд хэлдэг. Гадны зах зээлд хэр хэмжээний төмөр нийлүүлдэг юм бэ?

-Өнгөрөгч онд төмөр замаар нийт 3.3 сая тонн төмрийн хүдрийг БНХАУ-руу экспортолсон. "Болд төмөр Ерөө гол" компани дангаараа 2.3 сая тонн хүдэр тээвэрлэжээ. 2011-2015 онуудад Төмөртэйн орд газрыг ашиглахтай холбоотойгоор төмрийн хүдрийн экспорт зургаан сая гаруй тонн-д хүрэх магадлалтай байна.

-Төмөрлөгийнүйлдвэрийг Сайншандын аж үйлдвэрийн паркыг түшиглэж барих, ингэснээр төмөр замын хэрэгцээ нэмэгдэх тухайд таны бодол?

-Уул уурхай, металлургийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн ашигт малтмалын орд газрын мэдээлэл, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын төсөл зэргийг уялдуулан автозам, төмөр зам барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх замаар өсөн нэмэгдэж буй ашигт малтмалын тээвэрлэлтийг хийх төлөвлөлт.судалгааг иж бүрнээр нь боловсруулсан.

Хоёр жилийн өмнөөс ЗТБХБ-ын яамнаас анх Сайншандын үйлдвэрлэлийн парк байгуулах ажлыг санаачлан боловсруулсан.

Энэ төслийн цөмийг металлургийн үйлдвэрүүд төмрийн хүдэр боловсруулах, бэлдэц хийх үйлдвэрүүд бүрдүүлэх учиртай. Өнөөдөр энэ төсөл хэрэгжих бодит боломж бүрдэж АНУ-ын "Веchtel компани сонгогдон ажиллаж байна. Сайншандад аж үйлдвэрийн парк барих төсөл нь өнгөрсөн онд УИХ-аас баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-той нягт уялдаатай хийгдсэн юм. Бодлогын баримт бичигт ойролцоогоор 5600 гаруй км төмөр замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар шинээр барихаар төлөвлөсний дагуу эхний болон хоёрдугаар үе шатанд нийт 2000 км төмөр замыг барихаар тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолборыг дэд бүтцээр хангах асуудал багтаж байгаа юм.

-Эхний болон хоёр дахь үе шатны ажлын явц ямар байнавэ?

-'Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого"-д заасан эхний болон хоёр дахь үе шатны төмөр замын ТЗҮ-г "МакКензи" компаниар ахлуулсан зөвлөх баг боловсруулж дуусгалаа. Энэ техник эдийн засгийн үндэслэл нь нийт 1766 км урттай төмөр замыг хамруулан хийгдсэн бөгөөд үүнд Тавантолгой-Сайншандын 468 км, Сайншанд-Хөөтийн 450 км, Хөөт-Чойбалсангийн 155 км, Хөөт-Нөмрөгийн 380 км, Тавантолгой-Гашуунсухайтын 267 км, Нарийнсухайт Шивээхүрэн чиглэлийн 46 км төмөр замууд багтаж байна. "УБТЗ"ын Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн суурь бүтэц нь жилд 23 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Гэвч замын байгууламж, илчит тэрэгний болон вагон ашиглалтын парк хуучирсан, техник технологийн шинэчлэл  хийгдээгүйгээс жилдээ 15-16 сая тонн ачаа л тээвэрлэж байна. Цаашид энэ чиглэлд хоёр дахь замыг тавьж байж тээврийн эрэлт хэрэгцээг хангах боломжтой болно. Тиймээс холбогдох ТЗҮ-г хийсэн.

-Төмөр, болдын экспорт, үйлдвэрлэл, тээвэрлэлтийг дагаад хил орчмын хөгжил яригдана. Боомтуудын дэд бүтэц муу гэдгийг шүүмжилдэг шүү дээ?

-Улам бүр нэмэгдэж байгаа ачаа эргэлтийг дэмжихийн тулд хилийн гол гол боомтуудын дэд бүтцийг сайжруулах ажил хийгдсээр байна. Хилийн гурван ч цэг дээр холимог тээврийн терминал, логистикийн төвийг ойрын  үед  барихаар   төлөвлөж байна. Эдгээр төсөл хэрэгжсэнээр Монгол Улс транзит орон болж, худалдаа, тээврийг хялбаршуулж, ул-маар олон улсын тээврийн системтэй холбогдох, хил, гааль, мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг хөнгөвчлөх, үр нөлөөг сайжруулах, нэгдсэн тээврийн иж бүрэн системийг хөгжүүлэх ач холбогдолтой болох юм.

-Энэ салбарын ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан эдийн засаг, санхүүгийн хямрал үргэлжлэх эрсдэлтэй, дэлхийн аж үйлдвэрийн хөгжил саарч түүнийг дагасан түүхий эдийн үнэ ханш ихээхэн хэлбэлзэж байгаа ч монголчууд түүхий эдээ боловсруулж эдийн засгаа төрөлжүүлэх нь хямралаас зайлсхийх, эрсдэл багатай өнгөрөх боломж ирээдүй байна. Бидэнд уул уурхай-металлургийн аж үйлдвэрийн орон болох бодит ирээдүй ойрхон харагдаж байгааг харж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.