2024.08.27

Ч.Лодойсамбуу: Төрийн эрх барих дээд байгууллага зарчимтай ажиллах ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.27/ нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гуравдахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

Тендерийн хуулийг буцаан татах санал гаргасан. Зарчим нэгтэй МАН-ын гишүүдэд талархаж байна. Миний хувьд төсвийн тодотголыг зарчмын хувьд дэмжихгүй байгаа. Монгол Улсын хөгжлийн эсрэг нэг ч хүн энд байхгүй. Монгол Улсын Их хурлын гишүүд гэдэг бол улсаа хөгжүүлэхийн сацуу байгаагаас нь дордуулахгүй байх үүрэгтэй. Бид хурдан хөгжье гэсэн нэрийн дор гол зарчмаа нурааж, өндөр эрсдэл руу улс орноо дагуулах ийм алхам хийж болохгүй гэсэн байр сууринаас энэ хуулийг буцаан татах санал гаргасан. УИХ-ын дарга сая хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. УИХ-ын гишүүд асуудлаа ойлгохгүй, сайн мэдэхгүй байна гэж. Харин мэдэж байгаа учраас асуудал тавьж, хуулийг буцаах санал гаргасан. Үнэхээр мэдэхгүй байгаадаа биш мэдүүлэхгүй байх сонирхол танай намын бүлэг дотор байгаа юм байна гэдгийг бид ил тод харлаа. Их хурлын тамгын газрын үйл ажиллагаа хангалтгүй байна.

Гишүүдийг мэдээллээр хангаж чадахгүй байна. Зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн байдал шаардлага хангахгүй байна. Монгол төрийн хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын зохион байгуулалт ийм байхаар яах вэ. Үүнийг УИХ-ын дарга анхаармаар байна. Мөн гормын санал нэртэй баахан дэмжигдээгүй саналыг босгож, дэмжигдсэн саналыг унагаадаг ийм зарчимгүй үйлдлээ зогсоох хэрэгтэй. Бид нар анх удаа сонгогдож гарч ирсэн ч анх удаа УИХ-ыг харж байгаа юм биш. 2007 оноос эхлээд парламентын үйл ажиллагааг сурвалжлаад явдаг байсан, ийм байгаагүй. Олон сонгогдсон гишүүд зарчимтай, зангаргатай байж, шинээр сонгогдсон гишүүддээ үлгэрлэх хэрэгтэй.

Анхнаасаа юмыг залилж, аргалж ингэж үлгэрлэж болохгүй. Их хурал зарчмаа зарласан, зорилгоо тодорхойлсон, парламентын ардчиллыг бэхжүүлье, хүний эрх, эрх чөлөөг хангах суурь зарчмуудыг сайжруулъя гэсэн зорилго тавьсан. Харин эхлэнгүүтээ ийм зарчимгүй үйлдэл гаргаж болох уу.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn