Т.Мөнхсайхан: ЭМДС 218 тэрбумын авлагатай
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 58 эмнэлгийн санхүүжилтийг зогсоосон гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө.
ЭМ-ийн сайд Т.МӨНХСАЙХАН:
-Улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн бүх байгууллага Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж ажилладаг. Энэ жил нийт хэдэн төгрөгт багтсан, хэдэн төрлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэх заалттай гэрээ хийдэг гэсэн үг. Тэр дүн нь хэтэрсэн байгууллагуудад мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд, гэрээний дүн чинь хэтэрсэн шүү гэсэн. Түүнээс санхүүжилтийг бүрэн зогсоосон гэдэг ташаа. Мэдэгдэх нь зүйн хэрэг.
Эрүүл мэндийн даатгалын сан ер нь хүнд нөхцөлд байгаа. Яагаад гэвэл 2021 оноос хойш Covid-19-ийн үед тэр дундаа омикроны үед үзүүлсэн тусламж үйлчилгээнд гарсан санхүүжилт өндөр байсан.
Үүнээс болж даатгалын санд төвлөрөх мөнгө бүрдэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Одоогийн байдлаар гэхэд нийт 218 тэрбум төгрөг төрийн сангаас авах авлагатай, дутуу байна. Энэ ирэх оны төсөвт нэмэгдэж шийдэгдэх гарц яригдаж байна. Гэхдээ одоогийн байдлаар санхүүжилт байхгүйгээс зогссон тусламж үйлчилгээ байхгүй. Цаашид аль эмнэлэгтэй үргэлжлүүлж гэрээ хийх вэ гэдэг мөн хэлэлцэх асуудал. ЭМДС-аас шаардлагагүй тусламж үйлчилгээнд мөнгө санхүүжилт гаргаж байсан. Тэгэхээр цаашид бүх тусламж үйлчилгээг биш шаардлагатайд санхүүжилт олгохоор ажиллана.