Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн ажлууд урагшиллаа
Үндсэн хуульд 2023 онд орсон өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуульд мажоритар тогтолцоогоор 78, хувь тэнцүүлсэн аргаар 48 гишүүн сонгогдон бүрэлдэв. Улсын Их Хуралд улс төрийн таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер, эмч, багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн юм. Үүний нэг нь Анагаах Ухааны Доктор, Мэс заслын эмч Тогтмолын Мөнхсайхан юм.
Тэрбээр, цар тахлын хүнд цаг үе буюу 2020-2021 онд эрүүл мэндийн салбарыг удирдан ажилласан. Ингэхдээ, цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг амжилттай эхлүүлж 40 орчим мянган хүний амь насыг авран хамгаалсан юм. Мөн сайдаар ажиллах хугацаандаа өнгөрсөн 20 жилийн хугацаатай дүйцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалтыг эх хүүхдийн эрүүл мэндэд чиглүүлсэн.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоо өнгөрсөн хугацаанд зөвхөн “эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах вэ” гэдэгт анхаарал хандуулсаар ирсэн. Нэг ёсондоо, хүнийг өвдсөнийх нь дараа “хэрхэн эмчлэх вэ” гэх бодлого боловсруулснаас, яавал өвчлүүлэхгүй байх вэ гэдгийг орхигдуулсан. Халдварт болон халдварт бус өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байна. Хувийн эмнэлгүүдийн тоо нэмэгдэж, өвчтөн эмчлэх орны хүрэлцээ өссөн хэр нь эмчилгээ, үйлчилгээний чанар хүртээмжид иргэд сэтгэл дундуур байгаа нь эрүүл мэндийн салбарт суурь судалгаа, шинжлэх ухаанч бодлого дутмаг байснаас үүдэлтэй.
Өвдсөн хойно нь санхүүгийн дарамт учруулж эмчилдэг бус эрүүл байлгахад чиглэсэн оновчтой бодлогуудыг зөв системийн дор явуулах, Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчнийг оношилж эмчилдэг болох тогтолцоог богино хугацаанд бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах аа Т.Мөнхсайхан илэрхийлж байсан.
Монголд эмчлэх боломжгүй өвчний эмчилгээг үе шаттай нэвтрүүлж, нутагшуулах ажил урагшиллаа
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд зайлшгүй хийгдэх шаардлагатай дээрхи ажлын хүрээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар энэ ондоо багтан өндөр хөгжилтэй улс оронд тухайн чиглэлээр тэргүүлдэг эмнэлэг, их сургуульд 12 үндэсний багийг чадавхжуулахаар боллоо. Ингэхдээ, үндэсний багийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг суралцах хугацаанд тус эмчилгээ, оношилгоог нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл болон бусад нөөцүүдийн бэлэн байдлыг хангах асуудлыг эмнэлгийн удирдлагуудад үүрэг болголоо.
Үүний үр дүнд Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон зарим өвчнүүдийг эх орондоо оношилж, эмчлэх боломжтой болох бөгөөд иргэд тэгш хүртээмжтэйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг авах нөхцөл бүрдэж, иргэдийн төдийгүй улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан