СУДАЛГААНД СУУРИЛСАН ШИЙДВЭР ГАРГАДАГ “ТОГТОЛЦОО” ХӨГЖИЛД ХӨТӨЛНӨ!
СЭЗИС-ийн Дэд захирал
2024.08.19

СУДАЛГААНД СУУРИЛСАН ШИЙДВЭР ГАРГАДАГ “ТОГТОЛЦОО” ХӨГЖИЛД ХӨТӨЛНӨ!

Олон сонголт дундаас оновчтой гэснээ сонгох нь “шийдвэр” гаргалт юм. Тухайн шийдвэрийг тодорхой хэмжээний судалгаа хийсний дүнд гаргахгүй байгаа нь өнөөгийн нийгэмд алдагдсан боломжийг үүсгэж байна.

Сүүлийн үед,  УБ хотод эргэж буцсан, нийгмийн тодорхой массын аясыг дагах маягтай “шийдвэр”-үүд гарч байгаа нь шинжлэх ухааны үндэслэл бүхий суурь судалгаа хийгдээгүйн уршиг хэмээн харж байна. Олон Улсын судалгаанаас, Монгол Улсын боловсролын түвшин, амьдралын чанар буюу агаар орчны бохирдол, автозамын түгжрэлийн асуудлууд жил ирэх бүр дордож буйг харж болно. Нэг ёсондоо эрүүл, аюулгүй орчинд аж төрөх боломжгүй болчихлоо. Энэ нь шийдвэр гаргах түвшний хүмүүсийн шинжлэх ухаанч бус буруу шийдвэрээс үүдэлтэйг харж болохоор байна.

Улстөр, уул уурхай, бизнес, эрүүл мэнд гэхчлэн бүхий л салбарын шийдвэр гаргалтад суурь судалгаа “амин сүнс” нь болдог. Бизнесийн салбарыг л аваад үзье. БНСУ-ын “Samsung” корпорац нь өөрсдийн нэрэмжит эрдэмтэн, профессоруудтай. Харинманай улсад томоохон компанийн “бөх” л гэхээс тэр компанийн “эрдэмтэн” гэж л сонсоогүй. Эдгээр эрдэмтэн, профессорууд тухайн бизнесийн төслүүдэд тулгарч буй асуудлууд дээр нь суурь судалгааг хийхийн сацуу, ажилчдыг нь хөгжүүлэх процесс буюу мастер, докторын сургалтад хамруулахдаа удирдан чиглүүлдэг нь аль аль талдаа үргэлж ялалтыг авчирдаг.

Суурь судалгааг сайтар хийж, түүндээ түшиглэсэн стратеги төлөвлөлт хийх нь АМЖИЛТ дагуулдаг

Гаднаас орж ирж байгаа пранчайзинг эрхтэй бизнесүүд нь судалгаанд суурилсан үр дүндээ үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал, “Рizza hut”, “KFC”, “Emart” гэхчлэн бизнесүүд манайд орж ирснээр энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид өрсөлдөөнийхөө хуулиар үйл ажиллагаагаа зогсоосон нь нууц биш. Нэг нь “орлого муудлаа овоо тахья” гээд явдаг нөгөө нь өрсөлдөгч болон хэрэглэгчийг нь судлаад түүндээ суурилсан шийдвэр гаргаж буй нь тэнгэр, газар шиг ялгааг харуулж буй.

Эрдэм шинжилгээний бүтээл, шинжлэх ухаан руу хийсэн хөрөнгө оруулалт нь улс орны ХӨГЖЛИЙН суурь юм.

Улстөрчид судалгаанд суурилсан, үндэслэлтэй шийдвэрүүдийг гаргадаг байх чадвар нэн чухал. Ингэхдээ, тодорхой түвшний эрдмийн зэргүүдийг хамгаалсан байж гэмээ нь судалгаанд суурилсан оновчтой шийдвэрүүдийг гаргах чадамжтай байна. БНХАУ-ын парламентын гишүүдийн 50 орчим хувь нь эрдмийн зэрэг, цол хамгаалсан хүмүүс байдаг. БНСУ, Япон зэрэг орнууд ч мөн ялгаагүй. Энэ нь олон нийтэд таалагдах бус улс орны ирээдүйн хөгжлийн чиг хандлага руу чиглэсэн шийдвэр гаргалтад  өндөр ач холбогдолтой. Тиймээс бүх нийтээрээ боловсролд чиглэсэн сонголтыг хийх цаг нь ирсэн. Хэдий болтол, бөх, сэтгүүлч, дуучдыг сонгох вэ! 

Эрдэм шинжилгээний ажил гэдэг нь шууд утгаараа боловсрол, мэдлэг бүтээх “процесс” юм. Нэг ёсондоо, мэдлэгийн үйлдвэрлэл ч гэхэд буруудахгүй. Аливаа улс орны ирээдүй нь залуучууд байдаг. Салбар бүрийн судлаач залуус улсын хөгжлийг тодорхойлно гэдэгт би итгэдэг. 

БНСУ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4 %-ийг шинжлэх ухааныхаа салбарт хөрөнгө оруулдаг бол Монгол Улс  0.2 %-тай байна.

Монголын залуу эрдэмтдийн холбоо нь гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага ч тухайлсан санхүүжилт гэх зүйл байхгүй. Тодорхой төсөл хөтөлбөрүүд зохион байгуулсны дүнд багахан санхүүжилт босгодог. Шинжлэх ухааны салбар дээрээ үндэслэн хөгжсөн бусад улс орнуудын сайн жишигт,  улсаас нь эсвэл хувь албан байгууллагуудаас үзүүлэх дэмжлэг ихээхэн жин дардаг. Нэг ёсондоо, шинжлэх ухаанд түшиглэсэн нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийн эрин үе эхэллээ. Иймд, төр засаг, албан байгууллагууд маань шинжлэх ухааны салбартаа хөрөнгө оруулж, энэ чиглэлд оролцоогоо улам нэмэгдүүлэх нь нэн чухал байна. Дашрамд, 2020 оноос хойш Олон Улсад хянан магадлагдсан сэтгүүлүүдэд нийтлэгдсэн бүтээлүүдийн ихэнх нь залуучуудын бүтээл болж эхэллээ. Үүнийг шинжлэх ухааны салбарт гэрэл гэгээ болж, үүр цайж байна уу хэмээн талархаж сууна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан