БУЛГАНЫ СЭРГЭЛТ ЗАЛУУСААС ЭХЭЛНЭ
Д.Пүрэв-Очир, Булган аймгийн МАН-ын хорооны дэд дарга
2024.08.08

БУЛГАНЫ СЭРГЭЛТ ЗАЛУУСААС ЭХЭЛНЭ

Би Булган нутгийнхаа бусад хүүхдүүдийн адил айраг ууж, үе тэнгийнхэнтэйгээ ноцолдож өссөн эгэл жирийн залуу. Математикийн хичээлээр хирэндээ л толгой цохиж МУИС-ын эдийн засаг, математик загварчлалын ангийг дүүргэсэн. Нутгийн минь онцгой зөөлөн хөрс, шимт айраг цагаа намайг эрүүл чийрэг эр хүн болгосон бол, математик намайг олон талаар нээн задалж сэтгэн бодох чадварт сургасан гэж боддог.

Миний ажлын намтарт хувийн хэвшилд ажилласан туршлага ч бий, төрийн албанд зүтгэсэн түүх ч бий. Тодруулбал би үндэсний томоохон оператор “Скайтел” компанид олон жил менежерээр ажилласан. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газар хэмээх том айлын санхүүгийн газрын даргаар 2023 оныг хүртэл ажиллаж байгаад өөрийн улс төрийн шийдвэрийг гаргаж нутгийнхаа МАН-ыг орон тооны дэд даргаар ажиллах болсон билээ. 

Их хотын хөгжилд уусаад зөвхөн гэр бүл, хүүхдүүдийнхээ боловсролд анхаараад урдахаа хийгээд явах боломж надад байсан. Гэвч “Танай Булган нутаг яагаад ийм хөгжил хойгуур байгаа юм, боловсролын чанар хүртээмжээр сүүл мушгиж байна шүү дээ” гэх яриаг зуны амралтаар гэр бүл найз нөхдөөрөө  нутагтаа ирэх болгонд сонсох надад таагүй санагддаг. Намын ажлаа авчихаад нутаг орноо бүтэн тойрч сургалт, уулзалт хийгээд явж байхад ч ийм яриатай үргэлж таарна.

Д.Пүрэв-Очир, Булган аймгийн МАН-ын хорооны дэд дарга

“Чи залуу хүн, та нар л нутаг орондоо өөрчлөлт, хөгжил авчирна” гэж итгэж найдсан азай буурлуудын минь үг намайг улам хурцалж нээрээ л бид залуу халуун дээрээ нутаг орныхоо сайн сайхны төлөө зүтгэхгүй юм бол өөр хэн хэзээ энэ ажлыг барьж явах билээ гэсэн бодол надад улам ихээр төрөх болсон. Нутаг оронд минь хөгжлийн боломжууд ойрхон байна. Түүнийг ажил болгох нь залуус бидний үүрэг хариуцлага гэж би боддог. 

Булган аймгийн ДНБ-ийн 60 орчим хувийг ХАА-н бүтээгдэхүүн эзэлдэг. Миний бие “Шинэ хөдөө” төслийн ажлын хэсэгт санхүүгийн загварыг боловсруулж ажилласан. Өдгөө төсөл маань эхнээсээ үр дүнгээ өгч малчин өрхүүд бүл, нөхөрлөл, хоршоо болж тодорхой хэмжээний гарааны техник хэрэгслийн дэмжлэг авч, мөн чиглүүлэх сургалтад хамрагдсанаар хамтын бүтээмж үр дүн эрс нэмэгдсэн сайн жишээ байна.

Жишээлбэл: Булган аймгийн Сайхан сумын хорь гаруй өрх тарьж, ургуулсан тэжээлээрээ хоршооны гишүүдийнхээ хэрэгцээг хангаад зогсохгүй, зэргэлдээх сумандаа борлуулж байна. Ингэж зуны цагт бэлчээрээр, өвөл хавартаа өөрсдийн тариалж, ургуулсан нэмэлт тэжээлээр малаа тордож эдийн засгийн хамтын үр өгөөж бий болгох хагас фермерийн сайн жишээг нутаг орондоо түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх нь хөгжлийн зөвхөн нэг гарц гаргалгаа юм.

“Ер нь хөдөө орон нутагт маш их боломж, давуу талууд байна. Залуус аливаа асуудлыг утасны цаанаас товшиж шүүмжлэх биш оролцож, зүтгэх хэрэгтэй. Олон намын тогтолцоо, олон ургальч үзэл хүн бүрт асуудлаа ярих, яриснаа ажил болгохын төлөө зүтгэх боломжийг олгодог. Гагцхүү тэр боломжийг бодитой ашиглаж, улс төрийн болон бусад агуулгаар дуу хоолойгоо илэрхийлж зоригтой хөдлөхгүй бол өнгөрсөн 30 жилийн байдал үргэлжлээд л байна. 

1990 он гарсаар нэгдэл, коммун шиг хэрэггүй зүйл алга гээд бүх малыг малчдад нь тарааж өгсөн. Хэдийгээр малчин хүн малдаа өөриймсөг хандах, үржил шимийг нь бодитой хүртэх зэрэг давуу талтай хамтарч хоршиж хийхгүй бол өөдөлдөггүй зүйл гэж бий. Тиймээс сүүлийн жилүүдэд МАА-г хөгжүүлэхдээ зориулалт, чиглэлээр нь бүсчилэх, кластер бий болгох тухай асуудал эргээд хүчтэй яригдах боллоо.

Кластер хөгжүүлсний нэг тод жишээ бол Булганы айргийг Улаанбаатарын дэлгүүрийн лангуунд зардаг болсон явдал мөн. Булганы бренд зөвхөн айргаар тогтохгүй, адуутайгаа адил шимт өвсөөр тэжээгдэж байгаа бусад малын мах, сүүг ч бренд болгон хөгжүүлэх боломжтой.  

Булганы хөгжлийн дараагийн том гарц нь аялал жуулчлал байх боломжтой. Булган нутаг маань байгалийн өвөрмөц, онцгой тогтоц бүхий сайхан газрууд олон. Цогтын балгас, Гэрэлт хөшөө зэрэг түүхэн дурсгалт газрууд байдгаас гадна Орхон, Сэлэнгийн сав газар манай нутгаар дайран өнгөрдөг. Азийн аялал жуулчлалын чиг хандлагаас харвал групп аяллыг хөгжүүлэхэд тохиромжтой. Эдгээр зорилгын дүнд малчид, иргэдийн бодит орлого нэмэгдэж, амьдралын чанар сайжрах ёстой.

Тиймээс би Булган нутагтаа ирсэн даруйдаа малчид болон залуус, бизнес эрхлэгчдэд зориулж,  салбар, чиглэл бүрээр олон талт сургалтууд болон санхүү, эдийн засгийн чиглэлийг голчлон барьж сургалтуудыг зохион байгуулж, санхүүгийн сахилга бат гэж юу вэ, санхүүгийн загварыг хэрхэн гаргах вэ, хөнгөлттэй зээл, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдахын тулд хэрхэн зөв төлөвлөлт хийж, тайлангаа хэрхэн хөтлөх, татвар хураамжаа яаж төлөх вэ зэрэг агуулгын хүрээнд цогц сургалтыг тогтмол зохион байгуулсаар явна. 

Улаанбаатар хотод утаа униар, түгжрэл гээд олон асуудал байдаг ч боломжууд маш их, сонголттой байдаг учраас залуучууд хот руу их тэмүүлж байна. Бид тэр боломжуудыг хөдөө орон нутагтаа авчрах, нутагшуулах ёстой. Ингэж байж л хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний урсгалыг эсрэгээр нь хотоос хөдөө рүү чиглүүлэх юм. 

Тиймээс залуучууддаа хандаж хэлэхэд, хөдөө ирэхдээ зоригтой байгаарай. Хамтдаа илүү олон, хүн төвтэй, амьдрахад ээлтэй , таатай орчныг бүрдүүлж чадна. Улс орны хөгжил бидний нуруун дээр байгаа шүү гэж хэлье.