ЕС Л.ОЮУН-ЭРДЭНЭД АНУ-ЫН ТНБД ЭНТОНИ БЛИНКЕН БАРААЛХАВ
МУ-ын ЕС Л.Оюун-Эрдэнэ, АНУ-ын ТНБД Энтони Блинкен
2024.08.02

ЕС Л.ОЮУН-ЭРДЭНЭД АНУ-ЫН ТНБД ЭНТОНИ БЛИНКЕН БАРААЛХАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 2024 оны наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улс төр, эдийн засаг, батлан хамгаалах болон иргэд хоорондын, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан улам бэхжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохиролцсон ажлуудыг бодит үр дүнд хүргэх, ялангуяа хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх, цахим хөгжил, боловсролын ерөнхий хуульд сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар заасантай холбогдуулан манай англи хэлний багш нарыг чадавхжуулах зэрэг асуудлаар үр дүн эхнээсээ гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

undefined

Цаашид Америкийн Нэгдсэн Улсын Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэлийн санаачилгын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сансар судлал, сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний салбарт үргэлжлүүлэн хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бодит үр дүнд хүргэхээр тохиролцов.

Энэ өдөр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений айлчлалд зориулж “Бэсрэг наадам” арга хэмжээг “Их тэнгэр” цогцолборт зохион байгууллаа.