МОНГОЛ ФИЛОСОФИТОЙ, ТОГТВОРТОЙ ХУВЦАС ЗАГВАР БИДНИЙ ЯЛГАРАЛ
Урлах Эрдмийн дээд сургуулийг (УЭДС) төгсөх жилээ урилга авч сургуульдаа багшлаад хорин жил болжээ. Энэ хугацаанд хувцас загвар асар хурдтай хөгжиж байгаа бөгөөд үүнд орчин цагийн техник технологи ихээр нөлөөлж байна. Хүмүүс цахим худалдаанд оролцох болсноор хямд өртөг бүхий хурдан загварыг (Fast fasion) үйлвэрлэгчид санал болгох нь нэмэгдэв. Гэвч хурдан загвар буюу хэт үйлдвэрлэлийн сул тал нь усны ашиглалтаас гадна газрын тос, химийн бодисын замбараагүй хэрэглээнээс үүдсэн хүлэмжийн хийн ялгарал юм. Энэхүү салбар нь дэлхийн нийт хүлэмжийн хийн 8-10 хувийг бий болгож байгаа учраас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулахын тулд НҮБ-аас “Act now fashion challenge”-ийг эхлүүлсэн билээ.
Миний хувьд хувцас загварын мөн чанар, үнэт зүйлийг тогтвортой загвар (Sustainable fasion) гэж үздэг. Монголчуудын хувцаслалт бол тогтвортой загвар байж ирсэн нь ч харагддаг. Монгол загвар, монгол зан чанар, монгол хувцасны үндсэн гоо зүй, утга, философи төдийгүй орчиндоо нийцсэн, хэрэглэгдэхүйц хэрнээ монгол хүний дүр төрхөд зохицсон байдлаараа тогтвортой загвар яах аргагүй мөн.
Н.Нямцэцэг УЭДС-ийн ХДЗБТ-ийн эрхлэгч, GT загварын товчооны дизайнер
Дизайнер бол сэтгэл засалч юм. Өөрөөр хэлбэл, хувь хүний хувцаслах зарчим нь тухайн орчин, нийгмийнхээ зан төлвийг ажиглаж эргэн тойронд нь ямар гоо зүй байгааг дагадаг. Харин дизайнер бол хэрэглэгчийн зан төлөв, хандлагуудыг судалж нийгмээ бүхлээр нь харж шаардлагатай, хүсэж байгаа загварыг санал болгодог. Дизайнерын санааг хэрэглэгч хүлээн зөвшөөрч өмссөнөөр хувь хүний амьдрал болоод нийгмийн хөгжилд ч нөлөөлдөг.
Дотоодын үйлдвэрлэгчид харин эдгээрийг харахаасаа илүү хөл дээрээ тогтохыг л эрмэлзэж байна. Монгол Улсын хувьд бүхэл бүтэн дэлхийг “хувцасладаг” Хятадын зах зээлтэй өрсөлддөг. Тиймээс ч дизайнерууд маань гадаадын хямд загварыг давж гарах хүндхэн бэрхшээлтэй тулгарсаар ирсэн. Хувцас загвар бол шинжлэх ухаан, судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл, зорилтод зах зээл маань юу хүсэж байна вэ, нийгмийн хандлага, хувь хүний хөгжил аль түвшинд байна вэ гэдгийг ч харгалзана.
Мэдээж орчин үелэг, шинэлэг дизайн гаргана гэдэг нэг хэрэг боловч монгол хувцасны үнэт зүйлтэйгээ уялдуулан бүтээх нь ялгарал төдийгүй алсын хараа, тогтвортой загварын үнэ цэнийг эрхэмлэж буй явдал болно. Мөн загвар бол хүмүүнийг баясгадаг, соёлжуулдаг, илүү оюунлаг, гоо сайхан байдал руу хөтөлж байх ёстой. Үнэхээр загварлаг, гоо зүйтэй бүтээл урлах, түүнийг бүтээх чадамжтай мэргэжилтнүүдийг бэлтгэх нь миний зорилго. Гэтэл өнөөдөр загварын гоо зүй этгээд, авангардлаг байдлаа алдаж, эмх замбараагүй, хэтрүүлэгтэй байдлыг дэмжих болсон.
Хэдий дэлхий нийтийн чиг хандлага, өөрчлөлтийг дагаж байгаа үзэгдэл боловч хэт туйлширсан, навсгар, “хүйсгүй” загварууд нь тийм нийгмийг бүтээх тал руугаа явж байна уу даа гэж боддог. Хэрэв тэгвэл бидний төсөөлдөг үнэт гоо зүй, сонгодог үнэ цэн алдагдана. Тиймээс оюутнууддаа хувцасны чамин, нарийн тансаг мэдрэмжүүдийг суулгасан, чадвар шаардсан бүтээлүүд дээр илүү ажиллуулдаг. Харин нэгэнт түүнийг хийж чадаж байгаа бол цааш илүү чөлөөт загварыг хөгжүүлэх эсэх нь тухайн дизайнерын сонголт юм.
УЭДС ер бусын давтагдашгүй сэтгэлгээтэй уран бүтээлчийг төрүүлэх зорилгын үүднээс 2010 оноос “Нэг төгсөгч-Нэг бренд” төслийг эхлүүлж бренд судалгаа, хөгжүүлэлтийн хөтөлбөрүүдийг сургалтаа тусгаж ирлээ. Ингэснээр философио ойлгосон төгсөгчид өөрийн чиг шугам, бренд нэрийн тэмдэгтэй болдог.
Энэ төсөл эхэлснээр 2013 оноос “Мichel&Amazonka”, “O Couture” болон бидний хэсэг нөхдийн үүсгэн байгуулсан “Sonn Up” зэрэг алсын хараатай, тогтсон чиг шугамтай, ялгарсан дүр төрхийг бүрдүүлсэн олон арван брендүүд төрөн гарч удаан хугацаанд тогтвортой явсаар байна. УЭДС-ийн төгсөгчид энэ мэт анхдагчид болоод зогсохгүй дараа үеийнхнийхээ ажил олгогч нь болжээ.
Монголын томоохон ААН-үүд монгол дизайнерууддаа итгэж, гаднаас авдаг байсан хувцас хэрэгслээ дотоодоосоо авч эхэлж байгааг ч дурдах хэрэгтэй. Түүнээс гадна манай сургуулийн төгсөгчид гадны зах зээл дээр хувцсаа танилцуулж эхэлсэн нь онцлох зүйл юм. Магадгүй ойрын хугацаанд монгол дизайнер аль нэг брендийн бүтээлч захирал гээд явна гэдэгт итгэлтэй байна.