Завхан аймгийн 100 жилийн ойд "Асарын өндөр" жүжгээр бэлэг барив
2023.07.31

Завхан аймгийн 100 жилийн ойд "Асарын өндөр" жүжгээр бэлэг барив

Завхан аймгийн түүхэн 100 жилийн ойд зориулан “Асарын өндөр” нэртэй түүхэн аялгуут жүжгийг туурвин, долдугаар сард Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын жүжигчид болон Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын 80 гаруй жүжигчид хамтран тоглож, Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын тайзнаа амьдруулсан билээ. 

“Асарын өндөр” жүжгийн гол дүрүүдэд:

  • Отухан - Н.Мөнх-Эрдэнэ, Ч.Лхагвадорж
  • Даяан-Ай - ​М.Оюундарь, Л.Баяржавхлан
  • Хасун- ​Б.Тогтохжаргал /СТА/, УДЭТ-ын жүжигчин Ц.Болормаа
  • Жан Цянь - Ж.Пүрэвдорж /СТА/, УДЭТ-ын жүжигчин Э.Батдорж
  • Хохой- ​А.Цэрэнбалжир
  • Хутагтай - ​С.Нямжав
  • Ром бүсгүй -​Л.Баяржавхлан, Д.Отгончимэг
  • Улаанцолмон - О.Үржинханд /СТА/, Н.Авирмэд
  • Олны хэсэгт: ​Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын нийт уран бүтээлчид, арын албаныхан тус тус ажилласан байна.

...Тольтот зүрхнээс ундарсан

Асарын өндөр заяа

Тэнгэр газраас үүдсэн

Хүн гүрний дуулал... хэмээн эхлэх “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн санаачилгаар эхлүүлсэн бөгөөд жүжгийн ерөнхий продюсероор Огторгуйн цагаан гарьд сангийн ТУЗ-ын дарга Б.Ойгонжаргал, гүйцэтгэх продюсероор Хөгжимт жүжгийн театрын дарга соёлын тэргүүний ажилтан Г.Солонго нар ажиллажээ.

"Асарын өндөр" төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг

 

 

ТҮҮХ СОЁЛОО ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ.

Харин жүжгийн ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, ерөнхий зураач соёлын тэргүүний ажилтан С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор Соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийтөгс, хөдөлгөөний найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Г.Ган-Очир, түүхийн зөвлөхөөр Ж.Мөнхдэлгэр, бүжиг дэглээчээр соёлын тэргүүний ажилтан А.Отгон нар ажилласан. 

Монгол Улсад Хүннүгийн хаад язгууртны дурсгалт газар арваад буй. Эдгээр нь Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Дуурлиг нарс, Гол мод-2, ОХУ-ын Буриадын нутагт байдаг.

2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг “Ямаан ус”-аас Хүннүгийн язгууртны томоохон дурсгалт газар илэрсэн. Хангайн нурууны баруун биеэс анх удаа олдоод буй уг дурсгалт газар Хүннүгийн Шаньюйн алтан ураг, Баруун гарыг захирах томоохон язгууртны булш байх боломжтой байгаа нь үндэсний бахархлыг төрүүлж буй юм.

Мөн Ямаан усны дурсгалт газраас 20-иод км-ийн зайд хот суурины туурь болон Хүннүгийн энгийн иргэдийн булш дурсгалууд олон тоотой байгаа нь Хүннүгийн гүрний үеийн суурьшлын томоохон бүс байсныг батлан харуулж буй.

Тиймээс дээрх түүхэн үйл явдлыг улс, орон нутгийн хэмжээнд сурталчлан таниулах, эх орныхоо түүхийг дээдлэх, соён гэгээрүүлэх, зорилгын хүрээнд, Завхан аймгийн 100 жилийн ойд зориулан түүхэн жүжгийг туурвиж эхэлсэн билээ.