ТҮҮХИЙН ОН ЦАГИЙН УРАН ХОЛБООС НЬ ҮНДЭСНИЙ БҮЖИГ
Э.Номин Үндэсний Урлагийн Их Театрын Гоцлол бүжигчин
2024.05.30

ТҮҮХИЙН ОН ЦАГИЙН УРАН ХОЛБООС НЬ ҮНДЭСНИЙ БҮЖИГ

Бүжгийн урлаг гэдэг аливаа зүйлийн мөн чанар, хүний сэтгэл хөдлөлийг биеийн хэлэмж болон хөгжмийн зохицлоор төгс илэрхийлдэг зүйл. Тэр ч утгаараа энэхүү урлаг өнөө хэр нь үнэ цэнтэйд тооцогдож, улам бүр түгэн дэлгэрч байна. Харин Монголчууд бүжгийн урлагийн эртний уламжлалтай. Жишээ нь, нүүдэлчин ардын дунд тогорууны, хур шувууны, харцага бөднө хоёрын, буга согооны, янзган хүрээ гэх мэт олон сонин бүжиг дэлгэрч, бүжиж нааддаг байжээ. 

Монголчуудын олон үндэстэн ястны дотор бий биелгээ, цацал, цаатан, хатрих, тойрон бүжих зэрэг хэлбэрүүд одоо хүртэл уламжлагдаж ирсэн. Энэ нь орчин цагийн бүжгийн шинэ төрөл бий болох үндэс нь болсон.

Сүүлийн жилүүдэд бүжгийн урлаг олон хэлбэрээр хурдацтай хөгжиж байгаа ч Монгол үндэсний бүжгийг үзэгч хийгээд түгээн дэлгэрүүлэх нь хязгаарлагдмал байна. 

Монгол бүжгийн гайхамшиг гэдэг дэлхийд хосгүй соёлын өв билээ. Өдгөө Үндэсний Урлагийн Их театрын уран бүтээлчид, үе үеийн шилдэг бүжигчид Монгол бүжгийн гайхамшигийг дэлхийд таниулсаар иржээ. Тэндий нэг бол Э.Номин. Тэрээр энэ урлагтай бага наснаасаа хувь заяагаар холбогдон, өдгөө 20 дахь жилдээ Их театртаа Гоцлол бүжигчинээр ажиллаж байна. 

"Монгол үндэсний бүжиг бол дэлхийд хаана ч байхгүй цор ганц бүжиг. Чамин, эрч хүчтэй, онцгой бүжиг учраас дэлхийн олон оронд тоглолтоор явж, олон орны фестивалийн тайзнаа гарахад үзсэн хүн бүр гайхан алмайрдаг. Энэ сайхан зүйлийг бид даяаршилд уусган алдах бус өвөрмөц өнгө, хэв, шинжийг хадгалан, өвлүүлэн түгээх зайлшгүй шаардлагатай юм."

Өнөөдөр Монгол Улсын Консерватори, Соёл Урлагийн Их сургуулийн Бүжгийн Урлагийн сургууль гэсэн нарийн мэргэжлийн хоёр сургууль байна. Уг сургуулиудаас мэргэжлийн боловсон хүчнүүд бэлтгэгдэн гарч байгаа ч төрийн бодлогоор мэргэжлийн урлагийн байгууллагуудаа дэмжиж, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Монгол Улс мэргэжлийн урлагийн, академик театр, байгууллагуудаа бодлого, хөрөнгө оруулалтаар сайн дэмжиж чадвал түүнийг дагаад урлагийн бусад байгууллага, уран бүтээлчид улам чадваржиж, хөгжих боломжтой юм. 

Хэдхэн жилийн өмнө спортын анагаах ухааны тухай дөнгөж ярьж эхэлсэн бол өнөөдөр тамирчдын мэргэжлээс шалтгаалсан бэртэл, гэмтэл, бусад төрлийн өвчний талаар дагнасан эмчилгээ, эмч нар тухайн спортын байгууллагын дэргэд ажилладаг болчихсон. Тэгвэл өнөөдөр бүжигчид мэргэжлээс шалтгаалсан гэмтэл, бэртэл их авч, хэрээс хэтэрсэн хөдөлгөөний ачаалалтай нөхцөлд яс, үений эдийн олон өвчинтэй болж байгааг холбогдох байгууллагууд нь анхаарах цаг болсон. 

Бүжиг гэдэг харьцангуй залуу хүний мэргэжил тул богино хугацаанд мэргэжлээрээ ажлаад “тэтгэвэр”-т гардаг. Тиймээс бүжигчид болон харьяа байгууллага, төрийн бодлого  ч богино хугацааны карьераас илүү дараа нь үүсэх эрсдэлээс хамгаалж мэргэжлийн урлагийн байгууллагуудын дэргэд урлагийн анагаах ухааныг хөгжүүлж, эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх, ажиллуулах шаардлагатай болсон. 

Улс үндэстэн бүр нь өөрийн онцлогийг тусгасан ардын бүжгийн урлагтай байдаг ба энэ урлаг нь нийгмийн хөгжлийн дагуу өөрчлөгдөн баяжиж тусган илэрхийлдэгийн хувьд тус улс үндэстний өвөрмөц ТҮҮХ нь болдог. Иймд монголчууд бид монголоос өөр дэлхийн хаана ч байхгүй үндэсний бүжгээ мэргэжлийн хүмүүс нь хойч үедээ өвлөн уламжлуулж, ард түмэн нь шимтэн үздэг байгаасай хэмээн хүсэж байна. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn