НӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫН ҮР ДҮНД ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ БУУРНА
Монгол Улс 3.5 сая хүн амтай, үүний 1 сая 250 мянга гаруй нь 18 хүртэлх насны хүүхэд эзэлдэг бөгөөд монгол хүүхэд бүр эрүүл, амар тайван, аюулгүй орчинд аз жаргалтай амьдрах эрхтэй.
Гэтэл сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудал нэмэгдэж, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2018-2023 онд 20 орчим мянган иргэн үйлчлүүлсний 67,7 хувь нь хүүхэд байна. Түүнчлэн Хүүхдийн тусламжийн 108 утсанд өнгөрсөн оны байдлаар 1200 орчим дуудлага ирсэн нь өмнөх жилийнхээс 28% өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хэдийгээр 2017 оноос эхлэн Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдийн хамгаалал, хөгжлийн чиглэлээр зарцуулсан хөрөнгө тогтмол нэмэгдэж 2024 онд хүүхэд хамгааллын үйлчилгээний зардалд ₮14.3 тэрбумыг тусгасан ч үр дүн гарахгүй байгаа нь туйлын харамсалтай юм.
Миний бие Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг нийгмийн ажилтан мэргэжлээр төгсөж, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа “Хүүхэд хамгаалах” байранд ээлжийн нийгмийн ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн түүхтэй. Хамгаалах байранд 0-18 насны дутуу төрсөн, гудамжинд орхигдсон, ямар нэг байдлаар ээж аавдаа гологдсон, хүчирхийллийн золиос болсон мөн гэрийнхэндээ үл хайхрагдаж гэрээсээ дайжсан, буруу зан үйлтэй, гэмт хэрэгт холбогдсон зэрэг өөр өөр түүх, кейстэй хүүхдүүд ирдэг. Эдгээр шалтгаанаар ирсэн хүүхдүүдэд анхан шатны үйлчилгээ үзүүлж, аюулгүйн зэргийн үнэлгээ хийснээр хамгаалах шаардлагатай гэж тогтоогдвол хамгаалах байранд авч үлддэг. Хамгийн эмгэнэлтэй бид тухайн хүүхдийн гэр бүлийн суурь орчин нөхцөлийг шийдэж чадахгүй байгаа учраас нэг ирсэн хүүхэд дахин давтамжтайгаар ирдэг.
Б.Энхболд
Иймд хүүхэд хамгааллын салбар дахь тусламж, үйлчилгээг цогцоор нь сайжруулж үр дүнд хүргэхэд шинэчлэл хийж, ажиллах цаг болсон. Нөгөө талаас энэ салбарын цалин бага, мэргэжлийн хэмжээнд, сэтгэлээсээ ажиллах боловсон хүчин дутмаг байгаа нь нэг сул тал юм.
Хүүхэд хамгаалал буюу хүнтэй ажиллаж, хүнийг өөрчилнө гэдэг маш хүнд ажил үүнийг сэтгэлтэй хүн л хийдэг. Иймд хүүхдийн төлөө ажиллах чин хүсэлтэй хүмүүсээ дэмжин, нийгмийн асуудлын шийдэж, мэргэшүүлэх хэрэгтэй гэж хардаг.
Миний бие хүүхэд хамгаалах байрны ээлжийн нийгмийн ажилтан, хүүхдийн тусламжийн 108 утасны зөвлөх нийгмийн ажилтан, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай Иймд хорооны Засаг даргын хувьд хамтарсан багтайгаа хамтарч, хүчирхийлэлгүй хороо болох зорилт тавин, хүүхдийн тусламжийн 108 утастай хамтран нөлөөллийн ажлыг үр дүнтэй хийж байна.
Энэ хүрээнд Солонгос улсын нэр бүхий томоохон ТББ-тай хамтран 2022,2023 онд урлаг соёлын эвент арга хэмжээг Жуковын талбайд зохион байгуулж, 300 орчим сая төгрөг цуглуулж чадсан. Энэхүү санхүүжилтээ ГССТ-д эмчлүүлж буй түлэгдсэн болон БНСУ-д эмчлүүлэх гэж байгаа хүүхдүүдэд тусламж болгож өгсөн. Түүнчлэн хүүхэд багачуудын боловсролын түвшинг нэмэгдүүлэх, суралцаж буй орчныг сайжруулах, сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хорооныхоо сургууль цэцэрлэг, СӨХ-тэйгээ хамтарч ажиллаж байна. Мөн 108 утасны танилцуулга, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар мэдээлэл агуулсан зурагт хуудсыг хүний нүдэнд харагдахуйц газар байршуулах ажлыг хийж байна. Цаашдаа энэхүү хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр Олон улсын байгууллагад төсөл хүргүүлж, санхүүжилтээ шийдэхээр ажиллаж байна.
Олон улсад хүчирхийлэлтэй дотор нь орж тэмцэхээс илүү нөлөөллийн ажил их хийдэг. Үр дүнд нь хүүхэд хамгааллын асуудал сайжирч, хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурдаг.
Хүчирхийлэл ил бус нуугдмал оршиж байдаг. Тиймээс хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд хүмүүсийн хандлага, ухамсарт хүрэх нөлөөллийн ажлыг сайн хийж өгөх ёстой. Олон улсад ялангуяа БНСУ-д үүнийг маш сайн хийдэг. Хүүхдийн тусламж, цагдаагийн утас руу хандах уриалга бүхий зурагт хуудас, лоозонг гудамж, талбайд ихээр байршуулан тараадаг, хүчирхийллийн шинжтэй үйл явдлыг мэдээлээгүй тохиолдолд өндөр дүнтэй торгууль оногдуулдаг, хөршийн холбоогоор дамжуулан дуудлага, мэдээлэл өгөх зэргээр ажилладаг. Тиймээс бид энэ жишгээр нийгэмд нөлөөлснөөр, нэг ч гэсэн хүний мэдээлэл, дуудлага болзошгүй эрсдэлээс сэргийлж чадна гэсэн хүсэл зорилготой манай хороо ажиллаж байгаа юм. Мөн 2014 оноос хойш тасралтгүй цусаа хандивлаж, Донорын эгнээнд нэгдсэн хүний хувьд “донор хороо” болох зорилттой ажиллаж байна
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn