2024.06.13

Монгол эрдэмтдийн бүтээлийг эх хэлнээ нийтлэх “түүхийн жим” тасрах учиргүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн нь Монгол Улс НҮБ-д элссэний дараа гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлэх бодлого идэвхтэй явуулж эхэлсэн цаг үеийн зайлшгүй эрэлт шаардлагад үндэслэн ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын дэргэд Ази, Африкийн хэлтэс нэртэйгээр МАХН-ын Төв хорооны тогтоолоор 1968 онд анхлан байгуулагдсан түүхтэй. Улмаар 1976 онд Дорно дахин судлалын хүрээлэн, 1991 онд Дорно дахин, олон улс судлалын хүрээлэн, 1999 онд Олон улс судлалын хүрээлэн /ОУСХ/ болон өргөжин хөгжиж ирсэн эрдэм шинжилгээний арвин түүхтэй, ууган байгууллагуудын нэг юм.

Манай эрдмийн хамт олон түүхэн хугацаанд Монгол Улсын гадаад бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг бататгахад судалгааны дэмжлэг үзүүлэхүйц шинэ мэдлэг бүтээх, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд үр дүнтэй ажилласаар ирсэн билээ. Бид өдгөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын холбогдох байнгын хороод, ГХЯ зэрэг төрийн холбогдох яамд, байгууллагуудад гадаад орон судлал, гадаад бодлогын чиглэлд холбогдох бодлогын зөвлөмжөө байнга хүргүүлсээр ирсний сацуу судалгааны үр дүнгээрээ дамжуулан олон нийтийг соён гэгээрүүлэхэд тасралтгүй анхаарсаар байна.

Нийгмийн шинжлэх ухааны үндсэн зорилго монгол хүнийг монголоор нь байлгахад оршино  

Орчин цагийн хүрээлэн, судалгааны төвүүдэд хөгжлийн чиг хандлагаа дагаад “академик” сэтгүүл зүй, сэтгүүлээр дамжуулан мэдээллийг бүтээхэд илүүтэй анхаарах шаардлага бий болсон. Энэ хүрээнд миний бие 2018 онд тус хүрээлэнгийн захиралд томилогдож, ажлаа хүлээн авсан цагаас эхлэн цахим хүрээлэн буюу (e-institute) болох зорилтыг өмнөө дэвшүүлэн ажилласан. Тодруулбал, 2021 онд Конрад Аденауерын сангийн дэмжлэгтэйгээр эрдэм шинжилгээний өгүүллийн цахим сан үүсгэх төслийг амжилттай хэрэгжүүлж, одоогийн байдлаарwww.imori.ac.mn цахим санд тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын 1968 оноос хойших түүхэн хугацаанд хэвлүүлсэн гадаад орон судлал, олон улсын харилцаа, гадаад бодлого, түүх, нийгэм судлалын холбогдолтой 2000орчим эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлийг байршуулаад байна.

Ингэснээр, иргэд орон зай, цаг хугацааны хязгаарлалтад баригдалгүй цахимаар үзэж, танилцах өргөн боломж бүрдсэнийг хэлэх нь зүйтэй.  Үүний зэрэгцээ хүрээлэнгийн англи, монгол хэлнээ хэвлэгддэг үндсэн сэтгүүлүүд цахим системд бүрэн шилжсэнээр судалгааны өгүүллийн ашиглалт, эш татах асуудлуудыг нээлттэй болгосон төдийгүй тухайн судлаачдад эргэх холбоог үүсгэж буйгаараа ач холбогдолтой болж байгаа юм.  

Их дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн ажилтнуудын ажлын үзүүлэлт цаашлаад тухайн улс орны нэр төрийг бататгах зүйл нь, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “impact factor” буюу IF сэтгүүлүүдэд бүтээл нь нийтлэгдсэн эсэхээр тодорхойлогддог. Бид орчин цагийн дэлхий ертөнцөөс хоцрох ёсгүйн дээр өөрсдийн бүтээлийг олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлэх чиглэлд анхаарах нь зөв. Гэхдээ, зөвхөн үүний төлөө Монгол эрдэмтэд маань ажилладаг байж болохгүй. Ирээдүй хойч үеийнхээ өмнө, өвөг дээдсийн бидэнд өвлүүлсэн өв соёл, үндэсний дархлаа болсон монгол хэл, түүхэндээ эрдэмтэн, судлаачид маань өртэй үлдэж байгаагаас өөрцгүй учир бүтээлээ олон улсын шаардлагад нийцүүлэн эх хэлнээ хэвлэн нийтэлдэг байх нь нэн чухал гэж боддог.  

“Эрдэмтэй хүн даруу, Их мөрөн дөлгөөн” гэдэг шиг эрдэмтэд маань өөрсдийн бүтээл, туурвилыг олон нийтэд хүргэх тал дээр хэт даруухан хандаад байх шиг. Тиймээс цаашид, эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг эх орондоо хөгжүүлэн бойжуулж, эрдэмтэн, судлаачдын дуу хоолойг хүргэх чиглэлд ажиллах, дэлхийн улс орнуудын тухай хялбаршуулсан танин мэдэхүйн мэдээллийг олон нийтэд зориулсан хялбаршуулсан сэтгүүлийн хэв маягт оруулан нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү ажиллах хэрэгтэй байна.

Эцэст нь хэлэхэд, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн нь Монгол Улс дахь гадаад орон судлалын чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн өнөөдрийн байр сууриа бататгаж, шинэ залуу судлаачдаа олон улсын жишиг, үндэсний язгуур эрх ашгийн сүлэлдээн дунд боловсруулан бэлтгэхэд анхаарч байна.Монгол сэтгүүлүүдэд хэвлэгдсэн өгүүллүүдийг Google болон бусад хайлтын системд жилдээ 10 мянган удаа хайж татан ашиглав. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn