Өөдөө тэмүүлэх Mongolia
Монгол Улсын Соёлын сайдын зөвлөх, МУ-ын Олон улс дахь Сурталчилгаа Мэдээллийн үндэсний хорооны Ажлын албаны дарга
2024.05.30

Өөдөө тэмүүлэх Mongolia

Австрали улсад суралцаж байх хугацаандаа, дэлхийн улс орны залуучууд Монгол хүмүүсийн талаарх ойлголт нь ямар түвшинд байгааг мэдэрсэн. Чингис хааны талаар цөөн хэд нь мэддэг ч, дийлэнх нь Монгол хүн гэхээр л биерхүү, морь унаж, сэлэм агсаж явдаг дайчин ард түмэн мэтээр ойлгох нь олонтаа. Харь улсад эх орныхоо үнэт зүйлс, зан заншлын сайхнаар бахархан яримаар байв ч хэт хэвшмэл ойлголтоос үүдэн харилцан яриа үүсэх нөхцөлийг зарим талаараа бүрдүүлдэггүй нь нууц биш. Үүнд сэтгэл дундуур байдаг ч тэдгээр хүмүүсийг буруутгах аргагүй. Бид эх орныхоо талаарх “анхны ойлголт”-ыг дэлхийн иргэдэд зөв өгч, Монгол хүнтэй уулзсан гадаад иргэн хоорондын харилцан яриа улам цаашаа хөвөрдөг байгаасай. Үүний тулд бид юу хийх ёстой вэ.

Аливаа улс орон бүр өөрсдийн гэсэн үндэсний брэндингтэй байдаг. Тухайлбал, 2008 оны Бээжингийн олимпын үеэр “Welcome to Beijing” гэх тодотгол дор, улсынхаа нүүр царай болсон оддыг оролцуулсан “Beijing Welcome you” гэх дуу бүтээснийг бид мэднэ. Уг компанит ажил нь Бээжин хотыг Дэлхийн хэмжээнд шинэ дүр төрхтэйгөөр эргэн таниулахад өндөр ач холбогдолтой байсан. Энэ мэтчилэн “Canada Keep Exploring”, “100% Pure New Zealand”, “Come and Say G’day гэхчлэн улс орон бүр өөрсдийнхөө онцлог шинж чанар, бусдаас ялгамжтай шинэлэг зүйлсээр “брэндинг” бүтээж буй. Энэ хүрээнд, манай улс “Welcome To Mongolia” брэндингийг 2022 онд анхлан үүсгэсэн. Ингэхдээ, олон улс руу чиглэсэн компанит ажил, төрийн айлчлал, гаднын зах зээлд өрсөлдөж буй хувийн хэвшлүүдийн бүхий л арга хэмжээг “Welcome To Mongolia” брэндингтэй уяж, 2023-2025 оныг ЗГ-аас “Монголд зочлох жил” болгон зарлахын сацуу МУ-ын Олон улс дахь Сурталчилгаа, Мэдээллийн Үндэсний хороог байгуулж Соёлын сайдаар ахлуулсан.

“Welcome To Mongolia” түлхүүр үг нь зөвхөн аялал жуулчлалын салбарыг хамарч байсан бол 2024 оноос эхлэн нийгэм, эдийн засаг, соёлын аялал жуулчлал болон Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг шингээсэн, Монгол Улсын нэгдсэн дүр төрх, онцлог, мөн чанарыг илэрхийлэх түлхүүр үгийг тодорхойлох зүй ёсны шаардлага үүссэн. Улмаар залуус давамгайлсан өнөөгийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол”, “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж шинэ боломжийг эрэлхийл” гэхчлэн салбар бүрийг сурталчилж болохуйц өргөн утга, агуулгыг багтаасан энгийн, оновчтой түлхүүр үг нь “Go Mongolia” болсон юм. Тодруулбал, МУ-ын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сард гаргасан тогтоолд, Монгол Улсыг олон улсад төлөөлөх үндэсний брэнд нь “Go MonGolia” хэмээн шийдвэрлэсэн. Ташрамд, “Welcome To Mongolia”, “Go MonGolia”-г танилцуулах хүлээн авалт, соёлын арга хэмжээ, урлагийн тоглолтуудыг БНХАУ, БНСУ, Япон болон Швейцар зэрэг улсуудад амжилттай зохион байгуулсныг хэлэх нь зүйтэй.

Үндэсний үйлдвэрлэгчид маань Олон улсын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлохын тулд гаднын маркетингийн агентлагуудыг авч ажиллуулдаг. Ингэхдээ дунджаар 1-2 сая ам.доллар төлж байна. Зах зээлд хөлөө олох гээд явж буй компаниудад энэ хэмжээний мөнгө
нь “маш өндөр дүн”. Ташрамд, Монгол Улс дахь Сурталчилгаа, Мэдээллийн Үндэсний хорооны дараагийн алхам нь дэлхийн шилдэг хамтлаг, дуучдыг эх орондоо урьж, тоглолтыг нь зохион байгуулахаар төлөвлөж буй.

Тэгвэл дэлхийн зах зээлд өрсөлдөх үндэсний компаниудад нэгдсэн байдлаар, өөр өөрсдийн онцлогт тохируулан сурталчилгаа хийж, маркетингийн зардлаа хэмнэх боломжийг “Go Mongolia” олгох юм. Засгийн газраас гаргаад ирчихсэн бэлэн брэндийг, үндэсний үйлдвэрлэгчид болон дотоодын компаниуд чөлөөтэй ашиглах боломжтой. Тодруулбал, Олон улсад хамгийн ихээр өрсөлдөх шаардлагатай нь үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ юм. Дэлхийн улс
орны иргэд “Korean Air”, “Air China”-г сонгох бус “МИАТ”- ийг сонгох сэдэл нь “Go Mongolia” байна. Жишээлбэл, “МИАТ” гадагш хийх брэндингээ “Go Mongolia”, “Go MIAT”, үндэсний томоохон үйлдвэрлэгч Говь кашмер “Go Mongolia”, “Go Gobi”, “Go Cashmere” гэх зэргээр бэлэн брэндингийг ашиглах нь аль аль талдаа ашигтай байж, олон давуу талыг үүсгэх юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан