2024.06.03

Цэцэрлэг, сургууль бол хүний хөгжлийн төв байх ёстой

Монгол Улсад орчин цагийн боловсрол үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг бид 2021 онд тэмдэглэсэн. Хоёр дахь зууны гарааны жилүүдэд боловсролын салбар хууль эрх зүйн орчноо шинэчилж, төсвийн томоохон реформ хийгдсэн. Боловсролын багц хуулийг 2 жилийн туршид Улсын Их Хурлаар хэлэлцэж, олон нийтээс санал авч, гадаад, дотоодын олон судлаач, эрдэмтэд монгол улсын боловсролын бодлого, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлтээ өглөө.

Бодлого, төлөвлөлтөд боловсролын орчин үеийн болон олон улсын чиг хандлага хангалттай туссан хэдий ч нэгж байгууллага дээр бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаа нь ажиглагдсан. Бодлогын хэрэгжилтийг сайжруулж, орон нутаг, нэгж байгууллагын чадавхыг бэхжүүлэхийн тулд түүхэндээ анх удаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрыг 2022 онд байгуулсан. Хэрэгжилтэд тулгамдаж буй олон асуудлыг мэргэжил, арга зүйн болон захиргаа, зохион байгуулалтын удирдлагаар хангаж, нэгж байгууллага бүрд хүрч ажиллахыг бид зорьж байна.

Аливаа шинэчлэлийг хийхэд хамгийн чухал зүйл төсөв. Төсөвгүй бол ямар ч сайн бодлого хэрэгжихгүй. Боловсролын салбарын төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, гүйцэтгэл, үр дүнгийн санхүүжилтэд шилжлээ. Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт зарцуулж буй төсвийг жил бүр нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, 2021 онд 1,7 их наяд төгрөг байсан манай салбарын төсөв 2024 онд 4,2 их наяд буюу  ДНБ-ний 5 хувьд хүрсэн.

Хувьсах зардлын бүрэлдэхүүнийг жишээ болгож яръя. Өмнө нь багшийн халааснаас гардаг байсан олон зардлыг хувьсах зардлын бүрэлдэхүүнд суулгасан.

  • Багшийн тасралтгүй хөгжлийн зардал
  • Багшийн хичээл практикийн зардал
  • Багшийн эрүүл мэндийн оношилгооны зардал 
  • Багшийн цахим хэрэглээний зардал
  • Тухайн байгууллагад олгох нөхөн хангалт
  • Хүүхэд хамгааллын зардал
  • Нэмэлт хөтөлбөрийн зардал
  • Танхимын бус сургалтын зардал гэх мэт...
Энэ удаагийн боловсролын салбарын шинэчлэл төсөвтэй шинэчлэл. Тиймээс сайн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. 

Боловсролын шинэчлэлийн бас нэг гол зүйл нь Үнэлгээний тогтолцоо. 2022 оноос эхлэн боловсролын сургалтын байгууллага бүрийг /цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль/ багш бүрийг, хичээл, судлагдахуун бүрээр үнэлдэг үнэлгээний тогтолцоог нэвтрүүллээ. Үр дүнд нь хамгийн сайн багш хамгийн өндөр урамшууллыг авдаг боллоо. Үнэлгээнд тулгуурлан багшид ямар сургалт, үйл ажиллагаа хэрэгтэй байгааг оношилж, багш өөрийн сонголтоор тасралтгүй хөгжих, мэргэжил дээшлүүлэх боломжтой болсон. 

Энэ бүх шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нь “Сургалтын байгууллагын менежмент”. Ажлаа сайжруулахын тулд бид тулгамдаж буй асуудлаа зөв тодорхойлж, зөв төлөвлөж, цаг ямагт ахиж, сайжирч байх ёстой. Иймээс гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан үндэсний менежментийн загварыг бид туршин, нутагшуулж байна. Менежменттэй холбоод ярихад аливаа байгууллагын үйл ажиллагаанд засаглал маш чухал. Сонгуулийн циклээр удирдлагууд солигддог, тогтворгүй, томилогдож буй боловсон хүчний ажлын туршлага, ур чадвар хангалтгүй гээд олон асуудалд шинэ хуулиар цэг тавьсан. 

Эшлэл: Боловсролын байгууллага хүний хөгжлийн төв байх ёстой.

Боловсролын сургалтын байгууллагын орчин дахь хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хамгийн чухал. Боловсролын ерөнхий газар байгуулагдсанаар боловсролын орчин дахь хүүхдийн хөгжил, хамгааллын бүтцийг бий болгосон.

Ерөнхий боловсролын сургууль дээр нийгмийн ажилтан, эмч, сэтгэл зүйч, хоол зүйч зэрэг Хүүхэд хамгааллын мэргэжлийн баг ажиллаж эхэллээ. 3 сургууль тутмын 2 сэтгэл зүйчтэй болж, хүүхдийн мэргэшсэн хоол зүйч нар бэлтгэгдэн ажиллаж байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн ирээдүйн хөгжилд энэ бүтэц, мэргэжлийн үйлчилгээ голлох нөлөө үзүүлнэ. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn