“Бүс нутгийн тулгамдсан асуудлууд ба төрийн бодлого” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
2024.05.24

“Бүс нутгийн тулгамдсан асуудлууд ба төрийн бодлого” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхим болон МУИС-ийн төв номын санд “Геополитикийн дахин хуваарилалт: Бүс нутгийн тулгамдсан асуудлууд ба төрийн бодлого” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна.

МУИС-ийн Улс төр, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулиас зохион байгуулж байгаа тус хуралд дотоодын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачдаас гадна АНУ-ын Стэнфордын их сургууль, БНЭУ-ын Жавахарал Нэрүгийн Их Сургууль, БНХАУ-ын Фуданы Их Сургууль, Австрийн Веннийн Их Сургууль, Японы нээлттэй их сургууль, Финландын Турку Их Сургууль, БНСУ-ын Кореа Их Сургууль зэрэг дэлхийн 12 орны томоохон их сургуулиудын нэр хүнд бүхий 20 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож байна. Хурлын үеэр 9 салбар хуралдаан хуралдаж, геополитик, гадаад бодлого, бүс нутгийн харилцаа, эдийн засаг, хүмүүнлэг, нийгэм, соёл, эрх зүйн хамтын ажиллагаа, улс орны дотоод засаглал, төрийн бодлого, удирдлагын асуудлаар эрдэмтэн, судлаачид судалгааны үр дүн, түүнээс гарсан санал, шийдлээ хэлэлцүүлэх юм.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүнийг залган Орос-Украйны дайн, Ойрх дорнодын бүс нутгийн хямрал зэрэг үйл явцууд ар араасаа хөвөрч, улс үндэстнүүдийн өрсөлдөөн улам бүр нэмэгдэж байгаа нь дэлхийн геополитикийн дахин хуваарилалтыг эргэлт буцалтгүй болгож байна. Даян дэлхийг хамарсан энэхүү өөрчлөлт нь олон улсын улс төр, эдийн засаг, худалдаа, санхүү, нийгэм, соёлын амьдрал, засаглал бодлогод гүнзгий нөлөө үзүүлж байгаа энэ цаг үед уг олон улсын эрдэм шинжилгээний хурал болж буйгаараа ач холбогдолтой юм.