Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг Олон Улсын Парламентын холбооны хүн ам ба хөгжлийн асуудлаарх бага хуралд оролцлоо
2024.04.19

Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг Олон Улсын Парламентын холбооны хүн ам ба хөгжлийн асуудлаарх бага хуралд оролцлоо

Норвеги улсын нийслэл Осло хотноо 2024 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Олон Улсын Парламентын холбооны хүн ам ба хөгжлийн асуудлаарх бага хуралд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улсыг төлөөлөн оролцлоо.

Олон Улсын Парламентын холбоо, НҮБ-ын Хүн амын сантай хамтран зохион байгуулсан тус хуралд дэлхийн улс орны 170 гаруй парламентын гишүүн чуулжээ. Монгол Улсын Их Хурал нь Олон Улсын Парламентын холбоотой хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулан ажиллаж ирсэн арвин туршлагатай.


Энэ удаагийн бага хурлаар жендерийн эрх тэгш байдал, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудлыг түлхүү хөндөн хэлэлцэж, улмаар хүн ам, хөгжлийн асуудлаар тунхаглал гаргажээ. Уг тунхаглалд: “Хүний эрхэм чанар, хүний эрхийг тогтвортой хөгжлийн гол цөм гэж үзнэ. Хүн амын хөгжил бол тоо биш, харин хүн ам нь эрүүл мэнд, чанартай боловсрол, зохистой хөдөлмөр эрхлэлтээр хангагдсан байхыг хэлнэ. Бүхий л насны эмэгтэй, эрэгтэйчүүд, охид хөвгүүд өөрсдийн чадвараа хөгжүүлэх, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхээ баталгаажуулан, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах боломжтой байхын зэрэгцээ хэн ч ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхалтад өртөхөөс хамгаалагдсан байх ёстой.


Үүний тулд улс орнуудын Засгийн газар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдлыг таслан зогсоох, санхүүгийн боломжгүйгээс шалтгаалан ариун цэврийн хэрэгсэл авч чаддаггүй “Сарын тэмдгийн ядуурал”-д өртсөн охид, эмэгтэйчүүдэд албан ёсны тусламж үйлчилгээг хүргэх, цахим орчинг хүүхэд, эмэгтэйчүүдэд ээлтэй болгох, жендерт суурилсан цахим хүчирхийлэл, цахим ялгаварлан гадуурхалтыг арилгах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зэрэг арга хэмжээ авахыг улс орнуудад уриалж байгаа юм.