Технологийн компаниудыг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлнэ
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлэг өнөөдөр /2024.05.14/ Төрийн ордонд боллоо. Энэхүү төсөл нь Мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэлийн олон улсад өрсөлдөх чадамжийг сайжруулах, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг дэмжих, хөдөлмөрийн зах зээл дэх шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх, инновацыг хөгжүүлэх зорилготой төсөл юм.
Уг арга хэмжээг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, цахим шилжилтийн ач холбогдлыг үнэлэн, хөгжлийг хурдасгах үйл хэрэгт хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийн оролцоо, ач холбогдлыг онцоллоо.
Хуулийн төслийн боловсруулалтыг сайжруулахын тулд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн, гарааны бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, инженер, технологийн ажилтнуудын дуу хоолойг сонсох, тэдний саналыг авч, хуульд тусгах зорилгоор хэлэлцүүлгийн өрнүүлсэн юм.
Монгол хүний мэдлэг оюун дэлхийд үнэлэгдэж, мэдээлэл технологийн инженерүүд эдийн засгийн өндөр үнэлгээтэй дэлхийн том компаниудад ажиллаж, их дээд сургуулиудад багшлах, бүс нутгийн орнууд болох Казахстан, Киргизстан, Узбекстан зэрэг улсад манай салбарын залуучууд нутагшиж амжилттай экспорт хийж буй. E-Mongolia, E-Barimt, Хурдан цэг зэрэг төрийн үйлчилгээний цахим шилжилт дэлхийн өнцөг булан бүрт жишиг болж, олон улсын шагнал хүртсэн зэрэг цахим, технологийн салбарт олон чухал өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж буй. Үүнтэй зэрэгцэн салбарын олон асуудлыг шийдэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, технологийн салбарын чадварлаг залуучуудыг Монголдоо ажиллаж, салбараа хөгжүүлэх, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах, үйлдвэрлэлийн шинэ салбарыг хөл дээр нь босгох, тогтвортой хөгжилтэй улсыг бий болгохын тулд хууль эрх зүйг нь сайжруулах ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байсан юм.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөлд тусгагдсан ОНЦЛОХ ЗААЛТУУД:
- Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансар судлал зэрэг дэвшилтэт технологийн хөгжлийг түлхүү дэмжиж, энэ чиглэлийн хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр төрөөс нэгдсэн бодлогоор дэмжинэ.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, оюуны өмчийн шагнал урамшуулал, грант олгоно.
- Мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх виртуал бүс байгуулж, гадаад дотоодын технологийн компаниуд, хөрөнгө оруулагчдыг бүртгэж, олон улсад гарах зорилготой бүс нутгийн хэмжээний мэдээлэл технологийн хаб байгуулна.
- Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын орчин бий болгоно.
- Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, гарааны компанийн зах зээлийн үнэлгээг Сангийн яам, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран хийж эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлнэ.
- Монгол Улс нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжиж, хөдөлмөрийн зах зээл дахь шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх юм.