ХҮҮХДЭЭ АСРАХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ХУГАЦААГ ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАСАН ЖИЛД ХАМРУУЛАН ТООЦОХООР БОЛЛОО
Засгийн газрын өнөөдрийн хурлаар ЗГ-ын 2024 оны 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” журамд өөрчлөлт орууллаа.
Тус журмын 2.3.7 дахь заалтад зөвхөн жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацааг багш, ажилтны тасралтгүй ажилласан жилд тооцож байсан нь бусад ижил төрлийн нийгмийн салбарт олгогдож буй тэтгэмжийн шалгууртай нийцэхгүй, эрх зүйн ялгавартай байдал үүсгэсэн, хүүхдээ асрах чөлөө авсан албан хаагчийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзжээ.
Иймд Засгийн газрын 2024 оны 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 2.3.7 дахь заалтыг “жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа, хүүхдээ асрах чөлөөтэй байсан эхний нэг жил /12 сар/ хүртэлх хугацаа” гэж өөрчлөн найруулахаар тогтов.
Салбарын хэмжээнд нийт 92,000 орчим албан хаагч ажиллаж байгаагаас нэг жилд дунджаар 1,300 орчим албан хаагч хүүхдээ асрах чөлөө авч байна. Журам өөрчлөгдсөнөөр Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын 2024 оны төсөвт нөлөө үзүүлэхгүй бөгөөд бусад нийгмийн салбарт ажиллагсадтай ижил, тэгш боломжийг бүрдүүлсэн байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан