ЭНЭ ОНД ОХУ-ААС ХУДАЛДАН АВАХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаар ахлуулсан Ажлын хэсэг 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Москва хотноо Роснефть компанийн удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр манай талаас 2024 онд худалдан авах бүтээгдэхүүний хэмжээг захиалгын дагуу нийлүүлэх, ачилтыг тогтвортой байлгах зэрэг асуудлыг хэлэлцсэн ба Роснефть компанийн зүгээс бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Ажлын хэсэгт УУХҮЯ болон АМГТГ-ын төлөөлөл, газрын тосны бүтээгдэхүүний импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов.
ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ ТАЛААР ОХУ, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллах үеэрээ тус улсын Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтаар ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар байгуулах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэв.
Тус хэлэлцээр байгуулагдсанаар ОХУ-аас манай улсад нийлүүлж буй шатахууны экспортод тус улсаас ямар нэгэн хориг тавигдахгүй байх чухал ач холбогдолтой юм. Одоогоор талууд хэлэлцээрийн төсөл дээр харилцан санал солилцон ажиллаж байна.