“Монгол ноос XI зуун” төслийн мэдээллийг сонслоо
2024.02.16

“Монгол ноос XI зуун” төслийн мэдээллийг сонслоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, ноос ноолууран бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол ноос XI зуун” төслийн талаар мэдээлэл сонслоо.

Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Ганбат, ноос боловсруулах салбарт инновацыг нэвтрүүлэх, эх оронч худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, ноосыг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах, цаашид ноос бэлтгэх, нийлүүлэх, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах асуудлыг цогцоор нь шийдэж, импортыг орлох, цаашлаад экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин үеийн дэвшилтэт технологи бүхий томоохон үйлдвэр байгуулж, ноос боловсруулах салбарыг хөгжүүлэх нь уг төслийн зорилго гэдгийг онцлов.

2011 оноос үндэсний үйлдвэрүүд сурагчийн дүрэмт хувцас, сүлжмэл бүтээгдэхүүн, оймс, ноосон нэхмэл материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг эхлүүлжээ. Өдгөө ноос угаах 21 үйлдвэр ажиллаж, 36.000 тонн ноос бэлтгэн бүрэн угааж байгаа бол 1360 тонны хүчин чадалтай хялгас ялгах есөн үйлдвэр 60 хувийн ашиглалттай үйл ажиллагаагаа явуулж буй гэв. Харин 200 тонны хүчин чадалтай ээрмэлийн үйлдвэр 25 хувийн ашиглалттай байгаа ч үйлдвэрлэсэн ээрмэлээрээ 100 хувь нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн гаргаж байгаа аж. Төсөл хэрэгжсэнээр ноос угаах, хялгас ялгах үйлдвэрлэлийг бүрэн хүчин чадлаар нь ашиглан хялгас, ялгасан ноос 2000 тонны экспортлохоос гадна 1500 тонн (500 тонн нарийн, 1000 тонн бүдүүн) ээрмэл үйлдвэрлэх боломж бүрдэнэ хэмээн төслийн санаачлагч танилцуулгадаа дурдлаа. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, УИХ 2022 онд Ноос ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан. Мөн төрөөс хөнгөн үйлдвэрийн салбарт түншлэлийг хангах, үйлдвэрийн технологийн шийдэлд инновацад тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар салбар хоорондын бодлогыг хэрэгжүүлж байгааг дурдлаа. Түүнчлэн байнгын хорооны дарга хууль тогтоомжийн хэрэгжилт, хоорондын уялдааг анхаарах ёстойг онцлохын зэрэгцээ төсөл хэрэгжих хугацаа, эдийн засгийн судалгааг дахин нягтлах байр суурьтай байгаагаа илэрхийлээд, төслийн хэрэгжилтийн явцын байдлын талаар болон холбогдох шийдвэрийн төслийг бэлтгэн тус байнгын хороонд танилцуулах чиглэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ноос ноолуурын холбооны холбогдох албан тушаалтанд өглөө.