2024.02.15
С.Амарсайхан: Малчдадаа туслах, дэмжих үндэсний аяныг УОК, Засгийн газраас зарлаж байна
Улсын Онцгой Комисс (УОК)-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тэрбээр "Улсын хэмжээнд малчдадаа дэмжих, туслах үндэсний аяныг Улсын онцгой комисс, Засгийн газраас зарлаж байгаа. Үүнд ААН, иргэд, төрийн бүхий л байгууллагууд хамтарч ажиллах шаардлага байна.
Энэ хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Аймаг, сумдын онцгой комисст шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, хаврын эрсдэлийг хохирол багатай даван туулахад чиглэсэн ажлыг зохион байгуулах комисс томилж ажиллуулна.
- Улсын нөөцөөс өвс тэжээл, бензин шатахууныг хөнгөлөлттэй үнээр аймаг орон нутагт нийлүүлнэ.
- Цасанд боогдсон зам давааг гаргах ажлыг зэвсэгт хүчин, хилийн цэргийн албан хаагчдын оролцоотойгоор зохион байгуулна.
- Зудад нэрвэгдсэн амьжиргааны эх үүсвэрээ алдаж малгүй болсон аль өрхүүдэд нийгмийн халамжийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлнэ.
- Малчдад туслах аяныг олон улсын байгууллага, ААН-тэй байгуулна.
- Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд Мал эмнэлгийн газар, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, Зооноз өвчин судлалын үндэсний төв, аймаг орон нутгийн удирдлагууд арга хэмжээ авна.
- Малчдыг эрүүл мэндийг тусламж үйлчилгээгээр тасралтгүй хангана.
- Улсын хэмжээнд сумдын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж үйлчилгээний автомашиныг сүүлийн үеийн туулах чадвартай, бүрэн тоноглогдсон тээврийн хэрэгслээр шинэчлэхэд есөн тэрбум төгрөгийг зарцуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
- Аймаг орон нутгийн удирдлагууд нутагтаа шаардлагатай нөөцийг нэмж бүрдүүлнэ.
- Аймаг орон нутагт төсвөөс давсан орлогыг хаврын хохирлыг давахад зориулна.
- Хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдол үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Импортоор орж ирж буй гурил тэжээл, овьёос зэрэг бараа бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлнэ.
- Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах гэсэн шийдвэрүүдийг гаргалаа" хэмээн ярив.