2020.12.08
Ж.Бат-Эрдэнэ: Шинээр баригдаж байгаа төмөр замуудын өмчлөлийн асуудлыг тодорхой тусгах нь зүйтэй
Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.08/ хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа:
Ер нь төмөр зам гэж ярихаар Улаанбаатар Төмөр замыг ярьдаг. Төмөр зам гэдэг бол дээр үеийн ярьдаг стратегийн том байгууллага, нууцад байдаг, ОХУ-тай хамтардаг гэдэг хүнд байдлаар хүлээж авдагаа болимоор байна. Төмөр замын салбар гэдэг бол тээврийн салбарын нэг л хэлбэр. Үүний ганц онцлог бол нэг зам дээр явдаг.
Тодорхой хэмжээний нэг тээврийн хөдлөх бүрэлдэхүүнтэй, суурь бүтэц нь улсын хэмжээнд байж байх ёстой. Тэр нь нэгдсэн зохицуулалттай байх ёстой. Бусад тээврийн хэрэгслүүдээс харьцуулахад өөр зохицуулалтаар явж байдаг. Нэгдсэн тээвэрлэлтийн зохицуулалт, төлөвлөлт байх ёстой. Ийм онцлог бий. Гэхдээ ялгаагүй тээврийн нэг салбар. Одоо хүндрүүлж ярьдагаа болих хэрэгтэй. Төмөр замын асуудлыг ярихаар Улаанбаатар Төмөр замыг ярьж байгаа гэдэг дээр Л.Халтар сайд анхаарах хэрэгтэй. Цаашдаа энэ бол гадны хөрөнгө оруулалттай Монгол Улсын хуулиар явах хамтарсан компани. Тийм учраас компанийхаа үйл ажиллагааг компаний чиглэл рүү оруулах тал руу анхаарах хэрэгтэй байна.
Энэ хууль дээр үг үсгийн асуудлыг нэлээн засах хэрэгтэй байна. Суурь бүтцийн өмчлөлийн асуудлууд зөвхөн төрийн өмч л байна гэсэн зүйл байгаад байна. Үүн дээр хариулт өгнө үү? Одоо төрийн олон өмчит асуудлууд орж ирсэн. Маш олон компаниуд төмөр зам дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хуучин бол стратегийн цахилгаан станцын нүүрс тээвэрлэдэг байсан үе аль хэдийн өнгөрсөн. Энд ААН-ийн тээвэрлэлт, гадаад дотоод тээвэрлэлт, нийтийн тээвэр явж байна. Тиймээс нээлттэй байдлаар харж энэ хуулин дээр нилээн засварууд хийх хэрэгтэй байна.
Түүний асуултанд Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа.
Үг үсгийн асуудлыг бид нар та бүхний саналыг аваад, редакцийн шинж чанартай зүйлсийг ажлын хэсэг дээр засаж залруулаад явах байх. Би д нар өргөн барьсаны дараа хэд хэдэн удаа шүүж үзсэн. Төмөр замын дэд бүтцийн өмчлөл эзэмшлийн хувьд улсын эдийн засаг нийгэмд стратегийн ач холбогдолтой төмөр замын дэд бүтцийг төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд засгийн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшинэ гэж одоогийн байдлаар төсөл дээр орж байгаа.