Н.Баярчимэг: "Сүү хөтөлбөр" хэрэгжүүлж, хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжинэ
Ирэх оноос хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүү хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Н.Баярчимэгтэй ярилцлаа.
-Нийслэлийн 2024 оны төсвийг эцэслэн баталлаа. Улмаар ирэх оноос хүүхдүүдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилготой “Сүү хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон байна. Ажлын хэсгийг ахалсан хүний хувьд тус хөтөлбөрийн талаар дэлгэрүүлэхгүй юу?
-ЕБС болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, шим тэжээл дээр анхаарахтай холбоотой холбогдох төсвүүдийг НИТХ шийдвэрлэсэн. Үүний нэг нь “Сүү хөтөлбөр” юм. 2024 оноос сургуулийн хүүхдүүдийн үдийн хоолон дээр сүү олгоно. Үүнд шаардлагатай нэг тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн. Ингэхдээ сургууль, дүүрэг, эцэг эх, хувийн хэвшлүүдийн хамтын оролцоо, санхүүжилт, хяналтын хүрээнд хэрэгжүүлнэ. Эхний ээлжид долоо хоногийн гурван өдөр сүү өгөхөөр яригдаж байна. Ингэхдээ 150-200 грамм сүү өгөх нь зүй гэх стандарт тогтоосон.
-Хүүхдүүдэд сүү өгөхийн ач холбогдлын талаар үргэлжлүүлэн ярилцъя?
-Монгол хүмүүс хоол шим тэжээлийн дутагдалтай байна гэх судалгаа байдаг. Хүүхдүүдийн тухайд, өдөрт авах кальцийн хэмжээ нь 2-3 дахин бага, судалгаанд оролцсон хүүхдийн 80-аас илүү хувь нь Д витамины дутагдалтай байсан. Улмаар ясны сийрэгжил зэрэг өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байна. Түүнчлэн “Сүү хөтөлбөр” нь улс орны эдийн засагт ч эерэг нөлөөтэй гэх судалгаа байдаг. Дэлхийн олон оронд сүү өгөх хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. БНХАУ 2000 оноос эхлээд энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Үүний үр дүнд хүүхдүүдийнх нь жин, өндөр нэмэгдсэн гэх үзүүлэлттэй байна. Түүнчлэн ОХУ, Япон, Солонгос зэрэг хэд хэдэн улсад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр маш өндөр ач холбогдолтой гэдгийг олон улсын туршлага ч харуулж байна.
-Сургууль, дүүрэг, эцэг эх, хувийн хэвшлүүдийн хамтын оролцоо, санхүүжилт, хяналтын хүрээнд хэрэгжүүлнэ гэлээ. Үүнийг тайлбарлахгүй юу?
-Хүүхдүүдэд долоо хоногийн гурван өдөр сүү өгнө. Ингэхдээ нэг өдрийг нь нийслэл, нэг өдрийг нь дүүрэг, нэг өдрийг нь эцэг, эх даана гэсэн шийдэл гаргасан. Жилийн хугацаанд эцэг, эхээс 50 орчим мянган төгрөг гарах тооцоолол гаргасан. Энэ хичээлийн жилд нийт 99 өдөр сүү өгөхөөр байна гэж тооцоолсон.
-Нийлүүлэлт, хадгалалтыг хэрхэн шийдэх вэ?
-Сүүний үйлдвэрүүдтэй хамтарсан уулзалт хийсэн. Тэд энэ төслийг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Зарим үйлдвэрүүд энэ ажлыг туршилтын журмаар эхлүүлж байсан юм билээ. Улмаар үр дүнг нь судалсан байсан. Сүү өгсөн хүүхдүүд ханиад, халдварт өвчинд өртөх нь бага байсан гэдгийг хэлсэн. Эхний ээлжид дүүрэг, дүүргээс нэг сургууль сонгоод, 23 мянган хүүхдэд сүү өгч, энэ ажлыг эхлүүлнэ. Ингэхэд өдрийн сүүний нийлүүлэлт нь 4600 литр байсан. Үүнийг боломжтой гэх хариултыг үйлдвэрүүд өгсөн. Олон улсын байгууллагууд ч дэмжиж ажиллах саналаа илэрхийлсэн.
-Нийслэлийн 65 дунд сургуулийн хоол үйлдвэрлэл, гал тогооны их засварт 3.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-ЕБС-ийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль 2021 оноос хэрэгжиж байгаа. Гэхдээ хуулийн хэрэгжилт сайн хангагдахгүй байна. Уг нь сургуулиудад хоол үйлдвэрлэл, үйлчилгээг түрээсээр явуулахыг хориглосон. Гэвч энэ заалт хэрэгжихгүй байна. Тиймээс үүнийг хангах тал дээр анхаарч, холбогдох тооцооллыг гаргаж үзсэн. 65 сургуулийг гал тогоотой болгоход нийт 21 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнд гал тогоо, тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудал цөм багтсан. Энэ дээр бид засварын асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэх саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн.