Ц.Мөнхцэцэг: Парламентад жендерийн тэгш байдал бий болсоноор авилгын хэмжээ буурч, хүний хөгжлийн салбарууд хөгжинө
Монголчууд бид өрнөөс өрний хооронд , ядуу амьдарч байгаагийн гол шалтгаан нь томчуудын авлигын асуудалтай холбоотой. Тэгвэл авлига нь жендерийн тэгш бус байдлаас үүдэн бий болдог. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр авлигын тоо хэмжээ буурдаг судалгааны талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэллээ. Бид Хүний эрх болон жендерийн асуудлаарх парламент өөрийн үнэлгээний хурлаас мэдээлж байна. Хүний эрхийн мэдрэмжтэй парламент гэж юуг хэлэх, үүнийг хэрхэн бий болгох тухай та бүхэнд хүргэе.
Энэ талаар хурлыг ахалж буй УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, “Өнөөдөр УИХ анх удаа хүний эрхийн болон жендерийн мэдрэмжтэй парламентад өөрийн үнэлгээ хийж байна. Энэ бол хүний эрхийн мэдрэмжтэй парламент гэдгээрээ дэлхийд анх удаа хийж байгаа үйл ажиллагаа болж байна. Жендерийн мэдрэмжтэй парламентын үнэлгээг дэлхийн 10 гаруй оронд хийсэн байгаа. Энэ хүрээнд УИХ маань олон улсын парламенттай хамтран үнэлгээний ажлыг эхлүүлээд нэг жилийн хугацаа өнгөрлөө.
Дэлхийн улс орнууд жендерийн тэгш байдлыг бий болгох нь ямар үр дагавартай талаар олон жил судалгаа хийсэн. Олон кейс, практик байна. Тухайлбал эмэгтэй парламентын гишүүдийн тоо нэмэгдсэнээр боловсрол хүний эрх, эрүүл мэнд зэрэг хүний хөгжлийн гол салбарууд амжилтад хүрдэг. Тухайлбал Скандинавын орнууд, Финланд, Швед гэх мэт орнууд жендерийн тэгш байдлыг хангасан парламенттай. Бүх нийтийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжтэй. Үнэ төлбөргүй байдаг. Тэр улсад байгаа цагаач байна уу, хууль бусаар оршин суугч байна уу, хэн гэдгээс үл хамаараад төрийн бүх төрлийн үйлчилгээ авах боломжтой. Энэ бол жендерийн тэгш байдлын гол үр дүн байгаа.
Хоёрдугаарт эмэгтэйчүүдийн төлөөлөл өндөр байгаа парламентад авлигын эсрэг тэмцэл хүчтэй байдаг. Эмэгтэй улс төрчдийн авлигад автах магадлал маш доогуур байдаг. Мөн эвийн аргаар буюу дипломат харилцаагаар асуудлаа шийдэхийг чухалчилдаг. Бүс нутгийн болон олон улсын маргаан үймээнийг шийдэх эмэгтэй улс төрчдийн гаргасан шийдвэр олон улсын эрх зүйн дагуу дипломат арга байдаг нь давуу тал мөн” гэлээ.
Харин бид УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас хүний эрхийн мэдрэмжтэй парламент гэж юуг хэлэх, хэрхэн бий болгох талаар тодрууллаа.
Тэрээр, “Хүний эрхийн мэдрэмжтэй парламент гэдэг нь хүний эрхийн асуудлаар хаана, ямар ч асуудал гарсан, түүнд дутуу ач холбогдол өгөхгүйгээр, гүйцэт харахыг хичээж ажиллахыг хэлнэ. Тэглээ гээд ямар ч байгууллага төгс биш. Алдаа дутагдал гарч болно. Гэхдээ түүнийгээ олны оролцоотойгоор хийх гээд байгаа нь, тэр олон өнцгийг харах гээд байгаа юм. Бид хүний эрхийн чиглэлийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг илүү бэхжүүлж өгөх хэрэгтэй. Хараат бус байдалд нь халддаггүй байх ёстой. Манайхан өөрсдөө анзаарахгүйгээр халдаж байгаа юм. ХЭҮК-ын гишүүдийг томилохдоо УИХ-аар оруудж томилж байна шүү дээ. Бид томилж байгаа юм чинь удирдана гээд зарим хүн андуураад , дуудаж авчраад загнах гээд байна. Төрийн процессоор томилогдож болно. Томилогдоод гарсны дараа хараат бус хүмүүс шүү дээ. Нөгөө талаас хэвлэл мэдээллийн эрх чөлөө их чухал. Сэтгүүчид ордон орж хэнээс ч юу ч асуух эрхтэй байгаад, энэ эрх нь халдашгүй дархан байх ёстой. Ингэж асууж байж, тэрэнд чинь хүн хариулдаг байж, төр чинь хяналттай байна. Энэ тэнцвэрээ зөв хадгалж явах тухай. Энэ бол эцэс төгсгөлгүй процесс. Түүнээс цэнгэлийн манлайд хүрлээ гээд баярлах асуудал огт байхгүй” гэсэн юм.
Түүнчлэн үнэлгээний хуралд оролцож буй Бодлого, залуусын хяналт ТББ-ын хөтөлбөрийн менежер Б.Бадрал дээрх асуудлаао байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, “Манай УИХ ингэж зарлан тунхаглаж байгаа хэдий ч жендерийн тэгш байдлыг төдийлөн амжилттай хэрэгжүүлэхгүй байна. Өнгөрсөн хавар 2024 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Үүн дээр бидний зүгээс 40 хувийн квотыг их дэмжсэн. УИХ-ын гишүүд өнгөн дээрээ жендерийн тэгш байдал, хүний эрхийг хамгаална гэсэн боловч, бодит биелэл болгох буюу УИХ-ын сонгуулийн тухай хууль дээр 40 хувийн квотоо хадгалаагүй. Бүгд эсрэг товчлуур дарж 30 хувь болгож үлдээсэн. Олон улсын байгууллагуудын өмнө ингэж тунхаглаж байгаа боловч жендерийн тэгш байдлын асуудал дээр баттай зогсож чадахгүй байна” гэв.