Ардчилсан институт, хүний эрхийн албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа
2023.11.20

Ардчилсан институт, хүний эрхийн албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн алба (АИХЭА)-ны дарга Маттео Мекаччи, ахлах зөвлөх Фабризио Нава, зөвлөх Каролин Хаммер нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Бидний урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлье. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албатай хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Ардчилсан институт, хүний эрхийн албанаас хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах баг илгээж, хамтран ажилласан. Сонгуулийн ерөнхий хороо танай байгууллагаас гаргасан дүгнэлт, тайлангуудыг дараа дараагийнхаа сонгуулийн үйл ажиллагааны бүхий л түвшинд тусгаж ажиллахыг зорьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглахад цар тахлын хүндрэлтэй, хязгаарлагдмал нөхцөлд ажилласан. Тиймээс ирэх оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийг урт болон богино хугацааны ажиглагчдын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахыг урьж байна.” гэдгийг онцоллоо.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаны дарга Маттео Мекаччи хэлэхдээ, бид та бүхний санал санаачилгыг дэмжиж байна. Өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах боломжтой. Мөн сургалтын чиглэлээр бидэнтэй харилцах боломж нээлттэй. Бид байнгын ажиглалт хийх боломжоор хангахыг зорьж ажиллах болно гэж хэллээ.

Монгол улс ЕАБХАБ-ын 57 дахь гишүүн орон болсон цагаасаа эхлэн ардчилсан сонгуультай холбоотой үүрэг амлалтыг тус байгууллагын өмнө хүлээж, хамтын ажиллагаагаа идэвхтэй явуулсаар ирсэн. 2012 оноос хойш явагдсан Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулиудыг ажиглахаар урт болон богино хугацааны олон улсын ажиглагчдыг илгээн ажиглалт хийж, манай улсын сонгуулийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, олон улсын жишигт хүрсэн сонгууль зохион байгуулах асуудалд анхааран тодорхой зөвлөмж өгсөөр ирсэн. Монгол Улс сонгуулийн эрх зүйн орчин, үйл ажиллагаагаа боловсронгуй болгоход тус байгууллагын зөвлөмжийг тусган ажилладаг.