Ц.Баттуяа:

Ирээдүй хойч үеэ бодож, алсын хараатай ажиллаж чадах удирдагчид хэрэгтэй байна


7 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
Ц.Баттуяа: Ирээдүй хойч үеэ бодож, алсын хараатай ажиллаж чадах удирдагчид хэрэгтэй байна
Хуульч Ц.Баттуяа

Жил хүрэхгүй хугацааны дараа монголчууд дараагийн парламентын гишүүдээ сонгоно. Онцлог нь нэр дэвшигчийг сонгохоос гадна улс төрийн намд мандатаа атгуулан сонгох юм. Тиймээс 2024 оны УИХ-ын сонгууль их хариуцлага, хэрсүү байдлыг сонгогчдоос шаардах нь тодорхой. Vip76.mn сайтаас таны сонгосон төлөөлөл болох УИХ-ын гишүүн хэрхэн ажилласан талаар санал асуулгыг эхлүүлээд байгаа бөгөөд сонгогчдын дараагийн сонголтод туслах үүднээс “Монгол төрийн түшээ” гэж хэн болох талаар улс төр судлаач, эрдэмтэн багш, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийн ярилцлагыг хүргэж байна. Энэ удаад Хуульч Ц.Баттуяатай ярилцлаа.

Монгол төрийн түшээ гэж та ямар хүнийг хэлэх вэ?

Монголчуудын хувьд Төрт ёсны олон зууны түүхтэй ард түмэн. Энэ түүхэн уламжлалаас  үзэхэд  “монгол төрийн түшээ” гэдгийг эртнээс хөгжсөн институц гэж хэлж болох бөгөөд цаг үеэ даган өөрчлөгдсөөр байна. Тухайлбал хаант засаглалтай байсан манай улс XX-р зууны  эхээр түүхэндээ анх удаа улс төрийн тогтолцоондоо олон нам байгуулж, ардчилсан үзэл санааг хүлээн авсан ч далан жил нэг намын тогтолцоотой тоталитар дэглэмтэй явж ирсэн түүхтэй. Тухайн цаг үед монгол төрийн түшээг намын харъяа, намын гишүүнчлэлийн хүрээнд авч үздэг байлаа.

Харин сүүлийн гучин жил мерит буюу чадахуйн зарчимд тулгуурлан төрийн жинхэнэ албан хаагч нарыг төрийн түшээд гэж нэрлэж байна. Үүнд Шүүх, Гүйцэтгэх засаглал, Хууль тогтоох байгууллагын гишүүдээс эхлээд аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нар, ИТХ-ын гишүүд  зүй ёсоор орно. Мөн Төрийн албаны тухай хуулиар хаант засаглалын үед хэрэглэж байсан хэргэм зэрэглэлийн нэршлийг сэргээж, Төрийн захиргааны албан тушаалыг тэргүүн түшмэл, түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэл гэсэн сайхан нэршилтэй болж, энэ хэргэм зэргээр нь цалин, статусын  зэрэглэл зэргийг маш нарийн болгосон. 

Төрийн түшээ хүнд ямар зан чанар, чадварууд байх ёстой вэ?

Монгол төрт ёсны уламжлалын нэг чухал зүйл нь хүнийг эрдэм чадал, үнэнч шударга, ажилч хичээнгүй чанараар нь шилэн сонгож төрийн албанд томилдог байсан. Энэ зарчим өнөөдөр алдагдсан. Мэдээжтөрийн түшээ хүнд зөөлөн урч чадвар буюу харилцаа, хандлагын зан чанар, мэргэжлийн ур чадвар, туршлага зайлшгүй байх ёстой. Аль ч засаглалд төрийн алба хашиж буй төрийн түшээ хүн мэргэжлийн, мэргэшсэн чадвартай, өөрийн эрх ашгаас илүү, нийтийн эрх ашгийг эхэнд тавих ухамсар, ёс зүйтэй байх хэрэгтэй. Харин манай улсад төрийн дээд, дунд, доод албан тушаалд нам дагасан томилгоо хийж, өөрийн хүнийг оруулах, пирамид тогтолцоо бий болж байна.

Ингэж пирамидын орой дээр сууж байгаа эрх мэдэлтэн өөрийнхөө танил талын хүрээллийг төрд бий болгож, зохион байгуулалттай гэмт хэрэг хийх нөхцөл бүрдүүлдэг.

Миний хувьд үүнийг гэмт хэрэг гэж үзнэ. Албан тушаалаа урвуулан ашиглах, сонирхлын зөрчилтэй байх гэдэг нь Авлигыг эсрэг хууль болон Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн хүрээнд авч үзвэл тэр чигээрээ гэмт хэргийн шинжтэй юм. Мэдээж ингэж томилогдсон хүмүүс ашиг сонирхол, халаас нэгтэй нэгэндээ үйлчилж, дээр сууж байгаа эзнийхээ хүсэл сонирхлыг биелүүлэхийн төлөө ажиллана. Ингэж бүлэг этгээдүүд төрийн түшээдийн сэнтийд заларч, төрийн түшээ гэсэн нэр зүүж байгаа нь туйлын эмгэнэлтэй юм.

Түүнчлэн Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд сонгогдсон зарим гишүүд тухайн хугацаанд амжиж, өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллахыг зорьж байгаа нь улс орны хөгжлийг ухраах алхам болж байна. Ард түмнийг төлөөлөх төлөөллийн институц буюу нийтийн эрх ашгийг төлөөлж,  тангараг өргөж  орж ирсэн парламентын гишүүд өөрийн эрх ашгийн төлөө УИХ-ын гишүүн байх бүрэн эрхээсээ татгалзах шийдвэр гаргаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм.

Энэ нь сонгуулийн тогтолцоо будилаантай явагддаг, намуудын хүний нөөцийн бодлого алдагдсан, намд захиалгатай, мөнгө төлсөн хүн орж ирдэг алдаа, завхралын илрэл юм.

Зарим улс төрчид “хэн мөнгөө төлнө, тэр хөгжмөө захиална” гэж ярьдаг. Энэ нь хуулиас давсан сэтгэхүйтэй хүмүүс парламентад орж ирж байгаагийн тод жишээ. Мэдээж сонгууль хуулийн хүрээнд явагддаг, гэхдээ зөвхөн процессын хүрээнд явагдаж байгаа ч зарчмын хүрээнд явагдаж чадахгүй байгаа. Шударга, ил тод, ард түмний төлөөлөл байх гэсэн зарчим алдагдсан. Үүнээс харахад нийтийн эрх ашгийг төлөөлөх төлөөлөл, төрд гарч чадахгүй харин тодорхой компани, бүлэглэл, намын эрх ашгийн төлөөлөл их хуралд сууж байна. 

Улс төрийн тогтолцоог шинэ шатанд гаргаж, өөрчлөх ямар боломж байна вэ? 

Өөрчлөх боломж бий, нам доторх цэвэрлэгээг маш зоригтой хийх хэрэгтэй. Намын гишүүдийн дунд үзэл санаагаа дахин бэхжүүлэх ёстой. Барилгаар бол нурж унаж буй барилгыг дахин засварлах ажил хийдэгтэй адил, гучин жил болсон намууд өөрсдийгөө цэвэрлэх цаг болсон, энэ бол ухамсрын асуудал. Гэхдээ үүнийг нам дотор байр сууриа олчихсон, хөрөнгөтнүүд хийж чадахгүй, харин жинхэнэ манлайлах , удирдах чадвартай зөв сэтгэлтэй хүн тухайн намын удирдлагад гарч чадах юм бол энэ өөрчлөлтийг хийх боломжтой.

Олон хүн нам яагаад бүхний дээр байдаг юм гэж ярьдаг. Энэ бол олон улсын жишиг, үүний дагуул явна. Улс төрийн нам гэдэг нь үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллага юм гэсэн тодорхойлолт бий. Нам дотор цэвэр, шударга хүмүүс хэр их орж ирнэ, энэ хэрээр цэвэрлэгээ явагдана.

Иргэд өөрийгөө төлөөлөн ажиллах төрийн түшээгээ сонгохдоо юуг анхаарч сонголт хийх нь чухал вэ?

Сонгогчдын эрх зөрчигдөөд удаж байна. Иргэдийн сонголт сонгуулийн явцад будилаантах, сонгуулийн үр дүн буруу гарч, иргэдийн итгэлийг алдах асуудал гарсаар ирсэн. Иргэд зөв сонголт хийдэг, монголчууд маш ухаалаг, мэдлэгтэй,  бусад орнуудтай харьцуулахад улс төрийн оролцоо өндөр.

Сүүлийн арав гаруй жил сошиал хөгжиж, иргэд бүх талын мэдээллийн хангалттай хүлээн авч, хэн нь хэн бэ гэдгийг  маш сайн таньж, мэдсэн. Дараагийн сонголтоор хэнийг яагаад сонгох гэж байгаагаа ярьж байгаа. Ийм учраас ард түмэнд ямар сонголт хийх талаар ярьж, зөвлөх нь илүүц юм. 

Харин сонгуулийн үйл явц шударгаар хууль ёсны дагуу зохион байгуулагдах ёстой. “Ямар сонгогч байна, тийм төр засаг байна” гэсэн үг бий, энэ үнэн. Гэхдээ сонгогчдын анх сонгосон нэр дэвшигч нь гарч ирэхгүй байгаад сонгуульд эрх барьж буй намын нөлөөлөл орж, сонгуулийн будилаан үүсэж байгаатай холбоотой гэж харж байна. Иргэдийн хувьд залхаж байгаа ч итгэл тасрахгүй сонголтоо хийсээр байна. Сонгуулийн ирц хангалттай биш байгаа.

Манай залуучууд хэзээ ч худалдагдахгүй, харин сонгууль өгсөн өгөөгүй угаасаа л нөгөө л хэдэн хүн нь гарч ирнэ гэж итгэл алдар ч байгаа. Тэднийг буруутгах арга байхгүй. Сонгуулийн үеийн олон будилаан бий, үүний эсрэг дуугарсан хүмүүсийг зөрчлийн хэргээр айлган сүрдүүлэх хандлага гаргадаг. Хэрвээ залуучуудын хүсэж буй удирдагч нарыг нэр дэвшүүлэх боломж олговол залуучууд сайн сонголтыг гуйлгахгүй хийнэ. 

Миний хувьд ч сонгогч хүн. Иймд намайг төлөөлж, төрд ажиллах төрийн түшээг сонгохдоо миний эрхийг хөндөж, хамгаалж чадах, том зургаар улс орны хөгжлийг харж, 20,30-н жилийн дараа манай улсын хувь заяа хэрхэх талаар нээлттэй хэлж чаддаг, алсын хараатай хүнийг сонгоно. Олон хүмүүс эх оронч хүнийг сонгоно гэдэг. Гэхдээ эх оронч хүн гэж гудамжинд гараад хашгарахыг хэлэхгүй. Харин үр хүүхэд, ирээдүй хойч үеэ боддог хүнийг эх оронч гэж хэлнэ.

Эх орныхоо унаган байгалийг хайрлаж, хамгаалж байгалийн баялгаа ашиглаад нөхөн сэргээлт хийж чаддаг, үүний үр шимийн иргэд хүртдэг байх ёстой. Биднийг төлөөлөн сонгогдсон гишүүд байгалийн баялгаас ашиг хүртэх талаар том улс гүрнүүдтэй гэрээ хийдэг боловч, тэр ашгаас нь бид хүртэж чадахгүй хэсэг бүлэг хүмүүс хүртэж байгаа нь харамсалтай. Ийм үйлдэл хийж байгаа хүмүүс хамгийн аюултай.

Мөн сонголтоо хийхдээ хоёр хөршийн хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлэх чадвартай. Олон улсын хамтын ажиллагаа дээр мэдрэмжтэй ханддаг, аливаа зүйлийг жижгээр биш, томоор харж, манай улс яаж энх тайвныг эрхэмлэж олон улсын түвшинд харилцаагаа бэхжүүлж явах талаар анхаарч ажиллаж чадах  хүнийг сонгоно.

Өнөөгийн парламентын онцлог, давуу болон сул талыг та юу гэж харж байгаа вэ? 

Улс төрийн тайзан дээр нэг нам давамгайлсан, сөрөг хүчний төлөөлөл сул ажилласан. Эрх барьж буй намын хувьд залуу, боловсролтой, чадвартай олон гишүүд сонгогдсон боловч зөвхөн кнопчид болсон нь харамсалтай.  МАН-ын нэг онцлог нь маш их битүү, бие биеийхээ эсрэг маш зоригтойгоор санаа бодол зөрөлдөх, мэтгэлцэх асуудал гаргадаггүй. Ард түмнийг төлөөлж байгаа гишүүд үг хэлэх боломж байгаа ч үгээ цааш нь залгиж, болохгүй бүтэхгүй асуудлын талаар ярьж, хэлэлцэхгүй байна.

Хөгжлийн банк, Нүүрсний хулгай гэх мэт маш ноцтой асуудлууд илэрсээр байна. Нийгмийн даатгалын шимтгэл маш өндөр байгаа, үүнийг шийдэж чадсангүй. Хүүхэд хамгааллын асуудал дээр анхаарч ажиллаж чадаагүй. Олон нийтийн шахалтаар орж ирсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэх явцад салбарын сайд нь НҮБ-ын Хүүхдийн сангаар хуулиа боловсруулсан гэж хээв нэг хэлээд сууж байна. Өнөөдөр Монгол Улсын хуулийг дотоодын мэргэжилтнүүд боловсруулж хийх ёстой. Хуулиа гадны байгууллагаар боловсруулна гэдэг бол маш буруу бэлэнчлэх сэтгэлгээ рүү орсон гэсэн үг.

Хүүхэд хамгаалал дээр 8 тэрбумын төсөв тавиад хөдөлж чаддаггүй. Уг нь энэ асуудалд төсөв хангалттай тавих ёстой. Энэ жилийн төсөв дээр олигтой төсөв тавиагүй харагдсан. Аливаа улс орны төрийн бодлогыг ганц зүйлээр хэмждэг, энэ бол хүүхдийн дээд эрх ашиг юм. 

Төрийн бодлого, хууль боловсруулах түвшинд залуу үе хүч түрэн орж ирж байна. Залуус шинэчлэл хийх тухай их ярьж байгаа ч төрийн залгамж чанарыг төдийлөн чухалчлахгүй байна. Энэ зөв үү? 

Өнөөдөр манай улсад бүх зүйлийг залуучууд манлайлан хийх ёстой гэж хардаг, энэ нь нэг талаасаа өрөөсгөл ойлголт. АНУ-ын нэгэн их сургуулийн судалгаагаар хүний хамгийн их бүтээмжтэй насаар 50-60 нас, дараа нь 60-70 нас орсон. Улс орнууд дээрх судалгаан дээр гарсан насны хүмүүсээ тултал нь ажиллуулж чаддаг. Энэ хүмүүс туршлагатай, мэдлэгтэй, сурсан мэдсэн зүйлээ улс орныхоо хөгжлийн төлөө ашиглахад, зориулахад бэлэн байдаг.

Гадны сонгуулийг харахад оролцож буй нэр дэвшигчдээс 60,70 настай хүмүүс их байдаг. Иргэд нь энэ хүмүүсээ ч дэмжиж чаддаг. Харин манай улсад тухайн хүн 50 нас хүрнэ үү, үгүй юу тэтгэвэрт гаргаад, эмээ, өвөөгийн ажлын хийлгэдэг.

Миний хувьд 2016-2020 оны парламентын гишүүдийг сайн мэргэшсэн хүмүүс байсан гэж хардаг. Энэ удаагийн парламентад залуу гишүүд нэлээн орж ирсэн ч туршлага, эр зориг дутсан. Ер нь нас гэхээс илүү тухайн хүний туршлага, мэдлэг, чадвар чухал. Мэдээж залуу үеийн төлөөлөл парламентад хэрэгтэй. Гэхдээ улс орон маань бүх талбартаа эрсдэлтэй нөхцөлд орчихлоо. Иймд үед туршлагатай, мэдлэг, чадвартай, сэтгэлтэй сайн удирдагчид хэрэгтэй байна.