2023.11.03
2022-2023 онд 4045 залуу сонгогч “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн сургалтад хамрагдлаа
БНСУ-ын Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 2022-2023 онд хэрэгжүүлсэн “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн 2023 оны сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.
“Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийг 2022 онд албан ёсоор эхлүүлж, тэр ондоо 3 удаагийн сургалтаар нийт 62 сургагч багш бэлтгэж, 1024 оролцогчийг сургалтад хамруулав. 2023 онд 2 удаагийн сургалтаар дахин 51 сургагч багш бэлтгэж, нийт 3021 оролцогчид сургалт зохион байгуулав. Ингэснээр 2022-2023 онд нийт 113 сургагч багш 170 орчим удаагийн сургалтаар 4045 залуу сонгогчид “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн сургалтад хамрагдлаа.
Сургалтыг сонгуулийн үндсэн зарчим, сонгох, сонгогдох эрх, сонгуульд оролцогч талуудын эрх, үүрэг, сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд дүн шинжилгээ хийх, сонгуулийн сурталчилгааны үндсэн арга хэлбэрүүд, хариуцлагатай сонгогч сонгуулийн өмнө, сонгуулийн өдөр, сонгуулийн дараа юу хийх шаардлагатай зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулдаг. Сургалтыг зохион байгуулахдаа суралцагчдын оролцоонд тулгуурлан уулзалт, хэлэлцүүлэг, багц материал ашиглан бие даан суралцах, багийн ажил хийх явцдаа өөрөө болон бусдаас суралцах, судалгаа хийх зэргээр сургалт өрнөдөг.
Тухайлбал, сонгууль зохион байгуулах үйл явцыг өөрсдөө туршиж, нэр дэвших, мөрийн хөтөлбөр боловсруулах, санал авах, тоолох, дүн гаргах байдлаар сургалтад оролцож байсан нь илүү үр дүнтэй байгааг оролцогчид онцолж байлаа. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдод сонгуулийн боловсрол олгох үндэсний хэмжээний албан бус энэхүү сургалтын үйл ажиллагааг цаашид тогтмол, өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn