Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож буй иргэдэд тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгож буй үйл ажиллагаа иргэдийг чирэгдүүлдэг, тэгш бус ялгавартай ханддаг, танил тал хардаг, нэгэнт эдгэрэхгүй нь тодорхой өвчин эмгэгтэй иргэдээс групп сунгахыг шаарддаг, төрийн ажилтнуудын харьцаа хандлагаас улбаатай сэтгэл зүйн дарамтад өртдөг зэрэг асуудлаар ХЭҮК-д иргэд цөөнгүй мэдээлэл ирүүлдэг.
Дээрх асуудлаар ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул Эмнэлэг хөдөлмөрийн магадлах Төв комиссын нарийн бичгийн дарга Т.Лхагвадорж, магадлагч эмч Н.Тэмүүжин нарыг 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар тус байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан иргэдээс ирүүлж буй гомдол, мэдээллийг танилцуулж, хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлмөрийн чадвараа бүрэн болон хагас алдсан иргэдээс төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн, шуурхай авах боломж, нөхцлийн талаар санал солилцлоо.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс нь салбар болон орон нутгийн комиссыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, эмнэлэг хөдөлмөр магадлангын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх үндсэн чиг үүрэг гүйцэтгэдэг гэдгийг комиссын нарийн бичгийн дарга Т.Лхагвадорж танилцуулаад ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзулын байр суурьтай санал нийлж байгаагаа илэрхийллээ.
Улмаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг товч танилцуулав.
Тухайлбал, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс нь магадлан эмчийн зургаан орон тоотой ч одоогоор хоёр эмчтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Хүний нөөцийн хомсдол үүссэн шалтгаан нь магадлан эмчийн цалингийн шатлал бага, ажлын ачаалал өндөр, иргэдээс сэтгэл зүйн дарамт шахалт олноор ирүүлдэгтэй холбоотой бөгөөд дээрх шалтгаанаас үүдэн төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэхэд хүндрэлтэй байгааг онцолсон.
Мөн Монгол Улсын нийт хүн амыг 3.1 хувь нь хөдөлмөрийн чадвар алдсан бөгөөд улсын хэмжээнд алдалтын хувь, хугацаа тогтоолгосон 103,235 иргэн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 2.2 хувиар буурсан үзүүлэлт аж.
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдийн 65.4 хувь нь Нийгмийн даатгалын сангаас, 34.6 хувь нь Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байна. Дээрхийг хүйсээр ангилбал, 59.6 хувь нь эрэгтэй, 40.4 хувь нь эмэгтэй бөгөөд 66 гаруй хувийг 20-50 насныхан эзэлж байгааг тус комиссын нарийн бичгийн дарга Т.Лхагвадорж уулзалтаар танилцууллаа.
Уулзалтаар Комиссын гишүүн Х.Мөнхзул эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төв, салбар орон нутгийн бүрэлдэхүүний хүний эрхийн мэдрэмж, хандлага туйлын чухал болохыг онцлон тэмдэглэж, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг ирэх 2024 оноос үе шаттай хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан