Б.Жавхлан: Бидний ойрын зорилт НӨАТ-ыг 90 хувьд хүргэх
Сангийн сайд Б.Жавхлангаас цаг үеийн асуултад хариулт авлаа.
-Засгийн газраас халамжаас хөдөлмөрт шилжинэ гэх бодлого барьж байгаа ч нийт төсвийн 30 хувь нь халамжид зарцуулагдахаар байна. Халамжаас хөдөлмөр гээд л сүржин уриа юу болов?
-Зорилтот халамжийн хэсгийг огт орхиж болохгүй. Энэ бол нийгмийн хамгийн том бүлэг байх ёстой. Нэмэхгүй байх нь чухал. Хүнсний талон авдаг иргэдийн тоо буурч байна. Бүтэн сумаараа хүнсний талон авахаа больсон сум ч байна. Тэрнээс биш халамжийн төрлийг нэмээд халамжийг инфляцийн бус өөр байдлаар уялдуулж нэмж байгаа зүйл огт байхгүй. Төр эцсийн ажил олгогч огт биш. Төрийн албан хаагч нарын тоо бол төрийн үйлчилгээг ард иргэдээ хүргэдэг тэр хэмжээнд барьж байх ёстой. Эцсийн баялаг бүтээгч, ажил олгогч нарыг дэмжсэн бодлого хамгийн чухал. Ирэх жил түүхэндээ анх удаа хоёр их наядыг хоёр гол салбар руу хийж байна. 1.1 их наядыг эрчим хүч рүү, 790 тэрбум төгрөгийг зам руу оруулж байна.
Нөгөө Дорнодын тамын 50, Дундговийг дамжиж явдаг замууд гэхчлэн 10 гол зам, бусад замуудад төсөв тавигдана. Бид 20 жилийн хугацаанд мянганы замыг амжилттай дуусгалаа. Ингээд эдийн засгийн богино эргэлтүүдийн замаа хийж байна. Боомтын экспортын зам Хөдөө орон нутагт алслагдсан аж үйлдвэрийг дэмжих замууд байна. Бид 10 жилийн дараа түүхий нүүрс импортлох боломжгүй болж ирэх байх. Тэр үед бид нүүрсээ тултал боловсруулсан байх хэрэгтэй. Гэнэт нэг өдөр хил хаагдчихдаг. Гэтэл аж үйлдвэр нь хөгжөөгүй байж болохгүй. Тиймээс одооноос аж үйлдвэржсэн бодлогоо дэмжих хэрэгтэй.
-Ирэх онд бид 60 сая тонн нүүрс импортолж чадах уу?
-Бид нар ноднин яг энэ асуудалд санаа зовдог байсан. 60 битгий хэл 36 сая тонн нүүрс гаргаж чадах уу гэж байлаа. Гэтэл бид жилийн эцсээр 60 сая тонныг гаргахаар байна. Ирэх жил үүнээс ухралт хийж болохгүй. Бид энэ жил 60 саяыг гаргана гэдэг тэр хэмжээний хилийн нэвтрүүлэх чанар болон тээвэр логистикийн боломж гарч ирсэн байна. Тэгвэл яагаад ухралт хийх ёстой гэж. Бид боловсруулалтын шатан дээр анхаарч, дэмжлэг өгөх хэрэгтэй.
-Ирэх оны төсвийн төсөлд хүүхдийн үдийн хоолны төсвийг нэмэх үү. БШУ-ны сайд хүүхдийн хоолны мөнгийг хүүхдийн мөнгөнөөс авах саналыг ярьж байсан. Энэ асуудал хэрэгжих боломжтой юу?
-Монгол Улсын төсөв бол бусад салбарын хуулиудтай уялдах ёстой. Жишээ нь, Нийгмийн даатгал байна. Нийгмийн даатгалын багц хууль батлагдаад тэрний дагуу шууд төсөв дээр тавигдаад нэлээд хэдэн зүйл орж ирсэн. Боловсролын багц хууль батлагдаад гарч буй өөрчлөлтийг ярьж байна. Тэрэн дээр хүүхдийн тоог дагасан зардлуудад шинэ зохицуулалт орж ирсэн. Улсын төсвөөс санхүүждэг сургууль, хувийн сургууль гэсэн. Гэхдээ ирэх жил төсвийг бүрэн тавих боломжтой. Бодлогоо тодорхой болгох нь чухал. Нэгэнт сонголт хийгээд хувийн сургууль гэж лицензээ аваад төлбөр мөнгөтэй нь хоолны мөнгөө шингээдэг гэх мэтээр эцэг, эхчүүдэд ачаалал өгөөд явж болно шүү дээ. Гэтэл заавал яагаад татвар төлөгчдөд ачаалал очих ёстой гэж.
ХЭРВЭЭ БОДЛОГЫН ХҮҮГЭЭ БУУЛГАВАЛ ИНФЛЯЦИ БУЦААД ӨСНӨ
-Ирэх оны төсвийг сонгуульд зориулсан төсөв гэж эдийн засагчид шүүмжилж байна. Төрийн албан хаагчдын цалинг яагаад ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нд нэмэхээр болж байгаа юм бэ. Эргээд инфялицийг өдөөж бодитой нэмэгдэл болж чадахгүй юм биш үү?
-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэмж болох байсан. Инфляцитай уялдуулахгүй бол болохгүй. Ядаж зургаан сарын хугацаанд инфляцийн нөлөөллийг гаргах хэрэгтэй. Болж өгвөл дөрөвдүгээр сарын 1-нээс хойшоо байх хэрэгтэй. Хойшоо байвал Монголбанкинд сайн. Гэтэл энэ цалинг тэсэн ядан хүлээж байгаа нэг хэсэг байна. Хойшлуулбал шууд сонгуультай холбоно. Ямар ч үр дүнгүй болж эхэлнэ. Сонгуульд зориулсан нэмэгдэл байна гэж ойлгоно. Хамгийн ойлгомжтой цаг нь ирэх оны дөрөвдүгээр сарын 1 гэж харсан.
Цалингаа нэмээд байвал бодлогын хүү зөөлрөх орон зай байхгүй. Зөөлрөхгүй хатуу яваад эдийн засгаа бариад байна гэдэг. Ер нь мөнгөний бодлого, төсвийн бодлогыг уялдуулна гэдэг яг еэвэнгийн тал шиг. Нэг нь болохоор нөгөө болдоггүй ийм л зүйл байгаа юм. Хэрвээ бодлогын хүүгээ буулгавал инфляци буцаад өснө. Бид цалингаа нэмсэн үр дүн гарахгүй. Гэтэл бид энийг бодоод мөнгөний бодлогоо зөөлрүүлье гээд төсвийн бодлогоо баръя гэтэл олон нийт цалин нэмэгдүүлэх хугацааг хүлээхгүй. Тиймээс хамгийн эхний боломжоор бид цалингаа нэмсэн. Ард түмэн төсөв нэмэгдээд байна, гэтэл орлого яагаад нэмэгдэхгүй байна вэ гээд жагсвал дийлэхгүй. Төсөв тэлэхийн хэрээр мөнгөний бодлого чанга байх хэрэгтэй. Төсвийн тэлэлтийг мөнгөний бодлогоор чангалах гээд байгаа зүйлгүй.
-НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх асуудлыг Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Танай Засгийн газар бодлогоо хамгаалж чадах уу?
-Жил болгон татварын орлого нэмэгдээд байна гэдэг нь бүртгэлтэй татвар төлөгч аж ахуй иргэд улам нэмэгдэж байна гэсэн үг. НӨАТ дээр нэг жишээ хэлье. 2015 онд НӨАТ-ын төсөвт төвлөрүүлдэг байсан орлого нь 1.5 их наяд хүрдэггүй байсан. Одоо 6.3 их наяд буюу тав дахин өссөн. Бидний ойрын зорилго 2030 онд 90 хувьд хүргэе гэж байгаа юм. НӨАТ-аас хоёр саяас дээш авдаг иргэд байдаг. Хамгийн өндөртөө жилдээ 23 саяын буцаан олголт авсан иргэн байдаг.
НӨАТ-аар дамжуулж далд эдийн засаг руу орох гэсэн эрсдэлтэй хэсгийг бага ч гэсэн хумиж байгаа нь жил ирэх тусам хүрээгээ тэлнэ. Тэр хэмжээгээр далд эдийн засгийн хэмжээ буурч байна. Хэрвээ төсөв дээр зарлагын орон зай байгаад иргэд рүү комбинсаци хийх гэж байгаа бол НӨАТ-аар дамжуулж комбинсаци хийж болохгүй. Тэгж байхаар найдвартай болгосон төсвийн орлогоо барьдгаараа бариад зарлага талдаа зөв сувгаар гаргах хэрэгтэй. НӨАТ-аар дамжуулж комбинсаци хийх нь буруу.
Ер нь татварын орлогоор оролдсон улс амжилт олсон түүх байхгүй. Манай эдийн засаг маш хэврэг байгаа. Бид уул уурхайгаас хамааралтай. Нэг өдөр, дайн цар тахал гараад түүхий эдийн үнэ унахад бид яах вэ? Бодох асуудал. Ц.Элбэгдорж гуай жиргэсэн байна лээ. Энэ удаад НӨАТ-аар оролдохоо больё. НДШ-т анхаар, төсвөө алдагдалгүй баталдаг больё гэсэн байна лээ. Бидний зорилго бол тэр. Аж ахуй нэгж талаас нь харвал хамгийн өндөр дарамт НӨАТ биш. НДШ байхгүй юу. Аж ахуй нэгжид очиж байгаа хамгийн том дарамт бол Нигймийн даатгалын шимтгэл. НДШ-ийн сүүлийн 30 жилийн бодлогын алдааг өнөөг хүртэл засч чаддаггүй ялангуяа сонгууль болгоноор амласан эдийн засгийн хүндрэл улам цасан нуранги шиг орооцолдоод гарч чадахгүй байна.