Ц.Туваан: Эрх баригч намын хамгийн сайн чаддаг зүйлийн нэг бол буруугаа бусад руу чихэх
2023.10.27

Ц.Туваан: Эрх баригч намын хамгийн сайн чаддаг зүйлийн нэг бол буруугаа бусад руу чихэх

УИХ-ын гишүүн Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ирэх жилийн төсөв сонгуульд зориулсан төсөв. Сөрөг хүчин шүүмжилсэн ч чихгүй толгой царайлдаг болсон-


-Ирэх жилийн улсын төсвийн төслийг энэ үед хэлэлцэж байна. Олон нийт нэг хэсэг нь хөөсрөлттэй төсөв гэх бол нөгөө хэсэг нь орлого тэлсэн тул зардал нэмэгдэх нь тодорхой хэмээж байна л даа?

-УИХ 2024 оны улсын төсвийг хэлэлцэж байна. 2020 онд УИХ-ын гишүүн болж орж ирэх үед 13 их наяд төгрөгийн улсын төсөв баталдаг байсан. Харин одоо 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг батлах гэж байна. Анх гишүүн болсон үетэй харьцуулахад улсын төсөв нэг дахин тэлсэн байна шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын хүн ам нэг дахин тэлээгүй тул төсвийг нэг талаараа хөөсрөлттэй гэж харж байгаа.

Миний болон Ардчилсан намын зүгээс төсвийг улс эх оронд хэрэгтэй үйлдвэрлэлийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн, ажлын байр бий болгох үр өгөөжтэй байгаасай гэж хүсдэг. Өмнөх жилүүдийн адил халамжийн, үндсэн хөрөнгийн санхүүжилтийг тавьсан зураглалтай байна.

-Түүхий эдийн үнийн төсөөллийг хэрхэн харж байгаа вэ. Тухайлбал, зэсийн үнийг 9000 ам.доллар, мөн 60 сая тонн нүүрсийг экспортлоно хэмээн ирэх жилийн төсөвт тусгасан байгаа?

-Манай улс социалист нийгмийн үед хөдөө аж ахуйн салбараас улсын орлогоо бүрдүүлдэг байсан. Одоо бол уул уурхайн орон болсон. Улсын төсвийн 80-90 хувийг бүрдүүлдэг болсон шүү дээ. Ямарваа нэгэн байдлаар газрын баялгаа өртөг шингээхгүйгээр гадагш зарж, мөнгө олдог улс болсон.

Тиймээс Монгол Улсын төсөв гарцаагүй нүүрсний үнэ, өнгөт металлийн ханшаас хамаарал бүхий төсөв болсон. Дэлхийн зах зээл дээр металлийн үнэ хэрхэн савлахыг хэлж мэдэхгүй. Тодорхой асуудал дагуулах байх.

60 сая тонн нүүрсийг гаргана гэдэг нь сайн дэд бүтэц шаардана. Хоёр улсын хил гаалийн асуудал, дэлхийг хамарсан таамаглашгүй нөхцөл байдлуудын нөлөө бий болно. Товчоор бол манай төсөв уул уурхайн зэс, нүүрсний экспортоос бүрэн хамааралтай төсөв юм.

-Шулуухан асууя. Ирэх жилийн төсөв сонгуульд зориулсан төсөв болсон гэж та бодож байна уу?

-Мэдээж хэрэг тийм. Улс төрийн намууд нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг. Улмаар санал авч, засгаа байгуулдаг. Засгийн эрх мэдлийг авсан нам төсвийн тал дээр сонгуулийн жилд их тэлэлттэй явдаг. Соёлын төвийн барилга тэргүүтэй хэд хэдэн төсөл дээр сонгуулийг угтсан төсөв баталдаг. Үүнийг нуугаад яахав.

Сангийн сайд хуулийн хугацаанд төсвийг өргөн барьдаг. Сөрөг хүчин тухайн төсвөөс шаардлагагүй зүйлийг хэлж, ярьж, шүүмжилдэг. Харамсалтай нь сүүлийн үед чихгүй толгой царайлж, төсвөө барьсан хүрээндээ батлах жишиг сүүлийн үед гарсан.

-Сөрөг хүчний хувьд муу ажилласнаа хүлээн зөвшөөрнө-


-Сөрөг хүчин шүүмжилсэн ч хүлээж авдаггүй гэлээ. Тэгэхээр танай нам сөрөг хүчний байж чадахгүй байгаа юм биш үү?

-Ний нуугүй хэлэхэд муу ажиллаж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрнө. Намын эв нэгдэлтэй холбоотой гэх мэт асуудлын улмаас хугацаа алдсан тал бий. Гэвч УИХ-ын гишүүн тангаргаа өргөөд ард түмний өмнө үүрэг хүлээдэг хүмүүс. Тиймээс сөрөг хүчин бол эрх баригчдыг шүүмжилж, алдаатай бодлогыг засаж, залруулж явах үүрэгтэй гэж боддог. Мөн ард түмнийг засагтай холбодог үүрэгтэй. Тиймээс үлдсэн хугацаандаа сөрөг хүчнийхээ ажлыг сайн биелүүлж явах болно.

-Өмнөх удаагийн чуулганы хуралдаанаар Ж.Батсуурь гишүүний хувьд эрх баригч намын гишүүдэд хандаж хэлэхдээ "Бид сөрөг хүчин байлаа ч та нарын шийдвэрүүдийг эсэргүүцэж, сөрөөд яахав гээд орхидог байсан" гэж хэлсэн л дээ. Тэгэхээр анхнаасаа Ардчилсан намынхан хэт цөөн гэх утгаараа сөрөг хүчний ажлаа хийхгүй байсан мэт ойлголт төрүүлсэн л дээ?

-Бидний хувьд улс орон дотроо эрх баригч эсвэл сөрөг хүчин байгаа нь гадаад талаасаа бол зөвхөн Монгол гэж харагдана. Тиймээс улс эх орны ашигтай холбоотой, тодорхой хэлбэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, ард иргэдийн амь амьдрал, амьжиргаатай холбоотой асуудалд санал нийлдэг. Сөрөг хүчин гэдэг бол бүхнийг сөр гэсэн үг биш.

Харин бидний хувьд тоо хэт цөөнх байгаа. 76 гишүүний 11 нь манай намын гишүүд. Тиймээс эсэргүүцэж, санал өгсөн ч түр хороо байгуулах хэмжээний ч санал байхгүй. Хүчгүйдэж байгаа юм. Тиймээс л Ж.Батсуурь гишүүн багагүй бухимдаж, байр сууриа илэрхийлсэн. Харин хууль бус буюу ногоон автобус, нүүрсний, Хөгжлийн банкны гэх мэт хэрэгт ард түмний талд зогсож, хатуу байр сууриа илэрхийлнэ. Ард түмэн ямар байр суурь баримталж байна, бид тэр талд зогсоно.

-Танай намаас НӨАТ-ыг нийгмийн хөрсөнд буулгахад гол үүрэг гүйцэтгэсэн. Гэвчиг татварынх нь хувь хэмжээг буулгах асуудлыг Б.Пүрэвдорж гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөл боловсруулж өгсөн нь өнөөдрийг хүртэл авч хэлэлцэгдээгүй санагдах юм?

-НӨАТ-тай холбоотой сэдвийг Ардчилсан намын үед гаргаж ирсэн. Ингэхдээ тухайн улс орны эдийн засаг нь бүртгэлтэй, ил тодоор татвараа төлдөг явдлыг бий болгож, далд эдийн засагтай тэмцэх байсан юм. Улмаар төсвийг бүрдүүлэхэд сайн нөлөө үзүүлсэн. Эрх баригч нам ч сүүлийн хоёр удаагийн эрх барих хугацаандаа Ардчилсан намд энэ асуудалд баярлаж байсан юм.

Одоо цаг үед иргэд бага татвар төлөхийн тулд НӨАТ-ын хоёр хувийн урамшууллыг таван хувь болгох асуудлыг хөндөж эхэлсэн. 2020 оны тавдугаар сард УИХ дахь АН-ын бүлэг НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгох хуулийн төслийг санаачилсан. Гэвчиг хэлэлцэгдэхгүй дарагдсаар өнөөдрийг хүрсэн. УИХ-ын дарга энэ санаачилгыг дэмжиж, иргэдийн саналыг сонсохоор болсон юм. Энэ асуудалд бид нэгдмэл, дэмжсэн байр суурьтай багаа.

-Хоёр хүн тутмын нэг нь ядуу гэх ангилалд орж, дундаж давхаргагүй болж байна-


-Та хэд хэд дурдлаа л даа, иргэдийн өрхийн амьжиргаа гэдэг үгийг. Манай улсын эдийн засаг энэ жил зургаан хувийн өсөлттэй, уул уурхайгаас их хэмжээний орлого орлоо гэж мэдээлээд байна. Гэтэл гурван хүн тутмын нэг нь ядуу, нэг нь ядуу болох эрсдэлтэй эмзэг нөхцөлд байгаа хэвээр байна. Яагаад эдийн засгийн өсөлт нь иргэддээ мэдрэгдэхгүй байгаа юм бэ?

-Статистик чинь худлаа, буруу байна гэсэн үг. Төрийн байгууллагууд эрх баригч, Засгийн газрынхаа талд байж, эдийн засаг нь зөв явж буй мэт харагдуулахаар тоон мэдээлэл гаргаж байгаа хэрэг. Бараа бүтээгдэхүүний үнэ нэг дахин өсчихсөн. Инфляцын нэг оронтой тоонд байгаа мэт мэдээлдэг. Өрхийн дундаж орлого 1.7 сая төгрөг гэнэ. Хаана байна энэ мөнгө. Гурван хүн тутмын нэг нь бус хоёр хүн тутмын нэг нь ядуу гэх ангилалд орох нөхцөл байдал үүсчихсэн. Иргэд орлогогүй, ядуу зүдүү, өлөн зэлмэн амьдарч байна. Бэлэн мөнгө, хүнсний гачигдалтай байдал их байна.

Дундаж давхаргынхан байхгүй болж байгаа. Тэд эдийн засгийн цусны эргэлтгүй болсон гэж хэлж байна. Монголбанк бодлогын хүүг өндөр гаргаснаар банкууд зээл гаргахгүй байна шүү дээ. Ингэснээр эдийн засгийн цус эргэхгүй байна. Тиймээс л иргэдэд эдийн засгийн өсөлт гээд байгаа нь мэдэгдэхгүй байгаа хэрэг.

Эдийн засгийн өсөлтийг статистик зөв гаргаж ирэх ёстой. Бараа бүтээгдэхүүний үнэ буурч, айл өрхийн ширээн дээр эдийн засгийн өсөлт нь мэдэгдэх ёстой. Инфляц ч тогтвортой байх ёстой. Бодитойгоор пүүс компаниудын бизнес өргөжиж, санхүү зээлийн асуудал нь шийдэгдэх ёстой юм. Хэрэв Монголбанк бодлогын хүүгээ өсгөвөл арилжааны банк хүмүүст зээл олгож, эрсдэлтэй үйлдэл хийхээс татгалзаж эхэлнэ. Энэ нь ирэх жилийн эдийн засгийн долоон хувийн өсөлт бодит байх эсэх эргэлзээг төрүүлж байгаа юм.

-Дундаж давхаргаа хамгаалж, аж ахуйн нэгжүүдээ дэмжихийн тулд одоо яах вэ?

-Их амархан. Монгол Улс өөрөө газар нутгийн хувьд том болохоос хүн амын хувьд бага. Ийм орныг эдийн засгийн хувьд өөд нь татах шиг амар юм байхгүй. Бүхий л зүйл хуулиа дагадаг, эдийн засаг, алсын хараа сайн, дарга нар нь авлигаар дээгүүрээ юмс хувааж иддэгээ больчихвол амархан. Жил бүр баталдаг мөнгөний бодлогоо анхаарч, зээлийн хүүг бууруулж, орлогоо нэмүү өртөг шингээсэн, үр ашигтай зүйлд хөрөнгө оруулах хэрэгтэй.

Би ганц жишээ хэлье. Манай улсын хөдөө аж ахуйн салбар хоёрт ордог салбар. Үүний 80 гаруй хувь нь мал аж ахуйн салбар дээр тогтдог. 300 орчим мянган малчин өдөр болгон үйлдвэрлэл явуулдаг. Хурганы мах арьс томорч байгаа нь өөрөө үйлдвэрлэл юм. Тэгэхээр малчин бол мини үйлдвэрлэл эрхлэгч. Төр яагаад түүхий эдийг нь авч, үүнийг дэмжиж болохгүй байгаа юм. Дарханы арьс ширний цогцолбор гээд сайн бодлого гараад, хувийн хэвшил оролцоод цогцолбор бариад ахицтай байсан. Гэтэл Ардчилсан намынх гэх нэрийдлээр зогсоосон байдаг. Хийж байсан хүмүүсийг нь барьж, хорьж, янз бүрийн хуулийн байгууллага нь шалгаж байгаа юм. Тэгээд л шинээр хийнэ гээд эхэлдэг. Хорлон сүйтгэх бодлого гэлтэй зүйлийг хийж байна шүү дээ. Малчин өөрөө бүтээгдэхүүнээ экспортлож чадахгүй тул дэд бүтцийнх жуучлагчийг төр хийж өгөх ёстой юм.

-Төр өмчтэй байхыг дэмждэггүй-


-Өнгөрсөн жилүүдэд эрх баригч нам хэд хэдэн компанийг төрийн өмчит болгосон. Одоо бол ипотекийн зээлийг ч төр авахаар зэхэж байгаа. Ер нь таны бодлоор төр бизнесийн гэх мэт салбарт оролцож байгаа нь хэр оновтой гэж бодож байгаа бол?

-Бидний хувьд концепцын, бүр үзэл баримтлалын хувьд зөрдөг зүйл бол энэ. Өмч бол төрд буюу дундын байдалд орж ирснээр хяналтаа алдах, авлига хээл хахуулийг цэцэглүүлэх зүйл болдог гэж үздэг. Тиймээс хувийн өмчид байх ёстой явдлыг бид язгуураар нь дэмждэг. Хаана авлига хээл хахууль гарч байна гээд харахаар төртэй холбоотой шийдвэр гаргах түвшинд гарч байна шүү дээ. Хувийн хэвшлийнхэн нэг халааснаасаа хулгайлж, нөгөө халаасандаа хийнэ гэж байдаггүй юм. Тиймээс төр өмчтэй байх явдал руу явж буй асуудлыг бол дэмждэггүй. Зарим нэг стратегийн салбарыг бол ойлгож болох юм.

Ипотекийн зээлийг Ардчилсан намын үед 110 мянган айл өрхөд олгоход чиглэж ажилласан. Монголбанкан дээр гурван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж, менежментийг нь тэдэнд өгч, МИК гэх компанийг оруулж ирж, зөв голдиролд нь манай намынхан оруулсан. Материалаа л бүрдүүлж чадвал зээлийг авч чаддаг байдал руу оруулсан юм. Сүүлийн үед ипотекийн зээлийг авах нь хүнд асуудал болсон. Нэг яам энэ тогтолцоог хариуцаж явж болохгүй гэж бодож байна. Хэрэв нэг газарт харьяалуулах гэж байгаа бол олон нийтийн хараа хяналттай газрыг оруулахгүй бол иргэдэд хэрэгтэй энэ зүйл унах болно.

-Ипотекийн зээл хөндсөнийх, найман хувийн зээлийг зургаан хувь болгох боломж бий юү. Улстөрчдийн "тоглоом"-ын сэдэв болчихоод байна шүү дээ?

-Ер нь бол боломжгүй зүйл гэж байхгүй. Энэ бол өөрөө зах зээлийн нэг хэрэгсэл. Эх үүсвэр талын л асуудал бий. Хэдий бага хэмжээний эх үүсвэр олж чадна, тэр хэрээр хүүг бууруулах боломжтой. Бид иргэдийн халаас руу ордог зүйлийг татвар байдлаар авах бодлогыг хэтийдэж болохгүй гэж боддог. Тиймээс иргэд рүү чиглэсэн, тэдний халааснаас бага хэмжээний мөнгө гаргах тал дээр энэ бодлогыг дэмжээд явна. Эрх баригч нам тодорхой төлөвлөгөөтэй байгаа байх.

-Ковидын сонсголын асуудал энэ долоо хоногийн сэдвүүдийн нэг болоод байна л даа. Шинжээч томилох асуудалд Ц.Цэрэнпунцаг болон О.Цогтгэрэл гишүүн нар бие биерүүгээ үг хаясан. Нөгөө талаас Эрүүл мэндийн сайд албан бичиг өгөхгүй байна гэх боловч танай намын талаас очиж аваагүй гэх мэт зүйлсийг ярьж байна. Хэн нь үнэн, хэн нь худал хэлж буйг иргэд мэдэхгүй байна л даа?

-Дэлхий даяар ковидыг даван туулж чадсан. Бидний хувьд ямар нэгэн нам эсвэл хүний мууг үзэхээс илүүтэйгээр сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж, хэдэн төгрөгийн асуудал байгаа, зөв зарцуулсан уу, буруу байсан уу, авлига хээл хахуулийн асуудал байгаа юу гэх мэт тендер зарлахгүйгээр худалдан авсан асуудал бий. Үүний үнэнг ил гаргаж тавихыг иргэд шаардсан. Манай эрх баригч намын хамгийн сайн чаддаг зүйлийн нэг бол буруугаа бусад руу чихэх явдал юм. Энэ бол Ардчилсан намын яриа гэж тэд их ярьдаг. Ковидын сонсголыг бид олон нийтийн өмнө яллахгүй. Тиймээс шинжээч томилуулах хэрэгтэй. Байнгын хорооноос шинжээчийг томилж өгөхгүй байна. Ирц хүрэхгүй байгаа юм. Үнэн мөнийг цаг хугацаа удахгүй ил болгох байх. Тэр үед хэн нь үнэн ярьж байсныг ойлгох байх. Шинжээч томилж өгөхгүй бол эцсийг нь хүрэл үзнэ. Болохгүй бол иргэдийн саналыг ч асууж, нухацтайгаар энэ ажилд хандана.

Нэг асуудлыг гаргаж тавихаар та нар улстөрлөө, нөгөө нам руугаа дайрлаа гэх мэт зүйлсийг ярьдаг. Хөгжлийн банкны сонсголыг харсан байх. Ерөнхийлөгч байсан хүнийг хүртэл авч ирээд цоллож байсан. Өөрсөд дээр нь ийм байдал ирэхээр эмзэг байдалтай хандаж байна.

-Хүүхдийн нэг хоногийн хоолны зардлыг 6000-8000 төгрөг болгосон цагт шим тэжээлтэй хоол идэх боломжтой болно-


-Нүүрсний эсвэл автобусны хэрэг шиг нөхцөл байдал үүсээд, сонсгол хийхгүй байх вий гэх эрсдэл ч бас байна л даа?

-Хөгжлийн банкны, нүүрсний гэх мэт хэргүүд гарсаар. Нэг газар очоод гацах юм. Хүмүүсийг энэ хэрэгтэй холбогдуулдаг ч хэн хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй. Бид гайхаж байгаа. Хариуцлага нэхэж ажиллана. Хариуцагчийг нь ил гаргаж, хариуцлага тооцох ажил дээр анхаарч ажиллана. Ногоон автобусны хэргийг хэсэг хугацааны дараа Ардчилсан намынхан хийжээ гэж хэлэхийг нь ч үгүйсгэх аргагүй юм.

-Ярилцлагын төгсгөлд эргээд ирэх жилийн төсвийн талаар ярихад тэтгэвэр тэтгэмжийг нэмж байгаа гэх нэрийдлээр халамжаа угжаад байгаа юм биш үү. Бид уг нь халамжийг багасгах чиглэл рүү явдаг шүү дээ?

-Төр байгаа тохиолдолд татвар байх ёстой. Төр байгаа бол эзэндээ хүрсэн халамж байх ёстой. Хавтгайрсан зээл халамж байж болохгүй. Хүрэх ёстой хүмүүстээ хүрч чадахгүй байна. Цэцэрлэгийн хүүхдийн 2475 төгрөгийн хоолны зардал ирэх жилийн төсөвт нэмэгдсэнгүй. Үдийн хоол 1500 төгрөгийн үнэтэй. Дотуур байранд байгаа хүүхдийн хоолны мөнгө 4000 төгрөг байдаг Энэ мэт асуудал бодитойгоор байхад нүдээ талаж, чихээ бөглөж өнгөрөөж байна. Төсөв тэлж байгаа бол хүүхдйин асуудлыг чихээ дарж өнгөрөөж болохгүй шүү дээ. Тойрогтоо ажиллах үеэр энэ асуудлаар иргэдтэйгээ уулзахад нэг хоногийн хүүхдийн хоолны зардал багадаа 6000-8000 төгрөг болгож байж хүүхэд шим тэжээлтэй хоол идэж чадна гэж судалгааг хэлсэн. Энэ мэт тодорхой зүйл дээр гаргалгаа шийд гаргаж чадаагүй төсвийн төслийг оруулж ирсэн байна гэж харж байгаа.

-Сонгуулийн сурталчилгаа хэдийн эхэлсэн. Танай намын хувьд ирэх жилийн сонгуульд хэрхэнх оролцох төлөвлөгөөтэй байгаа вэ. Нам дотроо зөрчилдөөн ихтэй байлаа. Шинэ даргатай болсон ч төдийлөн ахиц харагдахгүй байх шиг?

-100 болон 30 настай хүнийг хооронд нь харьцуулж болохгүй шүү дээ. Манай нам ч гэсэн алдаа оноотой, цаг хугацаа алдсан залуу нам. Бидний хувьд шинэ даргатайгаа хамтарч ажиллаж байгаа. Итгэл эцэст нь үхдэг гэж үг бий. Тиймээс бидний иргэд рүүгээ чиглэсэн бодлого ялна, авлига гаарч буй явдал зогсоно гэж итгэж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.