2024 оныг "Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих жил" болгон зарлажээ
Монгол болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохионо.
Иймд Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих жил” болгон зарлажээ.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ХБНГУ-аас Монгол Улсад шинээр томилогдсон онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Хельмут Кулитцийг өнөөдөр хүлээн авч уулзах үеэрээ онцлон хэлсэн байна.
Мөн уулзалтаар хоёр улсын боловсролын салбарын олон жилийн нягт хамтын ажиллагаанд талархал илэрхийлж тэр тусмаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй техникийн болон мэргэжлийн боловсролын салбарт ХБНГУ-тай хамтран хэрэгжүүлж буй ажлууд амжилттай байгаа талаар онцлов.
ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол” төсөл, “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль” төсөл хэрэгжиж байгаа ба энэ оны есдүгээр сард баталсан Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд дээрх төслүүдийг 2026 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон.
Мөн энэ оны арваннэгдүгээр сард БШУЯ-наас Улаанбаатар хотноо болох ХБНГУ-ын “Саксон мужийн боловсролын өдөрлөг” арга хэмжээг хамтран зохион байгуулах талаар болон Ерөнхийлөгчийн Илгээлт-2,100 тэтгэлэгт хөтөлбөр, Ерөнхий сайдын санаачилсан 1,000 инженер ХБНГУ-д бэлтгэх асуудлаар талууд санал солилцлоо