Х.Болорчулуун: Мал аж ахуйн үйлдвэрлэлд залуу малчид манлайлагч байх ёстой
2023.10.06

Х.Болорчулуун: Мал аж ахуйн үйлдвэрлэлд залуу малчид манлайлагч байх ёстой

“Мал аж ахуйн сэргэлт” залуу малчдын үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганыг нээж ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хэлсэн үгэндээ "Байгаль цаг уурыг сөрөн туулж байдгаараа малчид мянган мэргэжлийн эзэн гэж тодорхойлогдсон байдаг. Гэхдээ шинэ эрин зууны малчид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр малынхаа ашиг шимийг нэмэгдүүлж, тооноос чанарт шилжих хэрэгтэй" хэмээн онцоллоо.

Тэрбээр цааш хэлэхэдээ "УИХ-аас баталсан Малын генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд малчдын эрх үүргийг шинээр тодорхойлж оруулсан. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний онцлогийг тусгаж өгсөн.

Засгийн газрын 2020 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Монгол малчин" үндэсний хөтөлбөр нь төрөөс малчдыг дэмжих, малчдын идэвх санаачилга, хувь нэмэр, оролцоог сайжруулах, малчдыг чадавхжуулах, тэдгээрийн хөгжлийн тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх, малчдыг мэдээллээр хангах, хөгжүүлэх, орон нутагтаа ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, бүтээмж, орлого, ашгийг нь өсгөхөд чиглэгдсэн суурь хөтөлбөр юм.

Манай яам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажил олгогч нь туслах малчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулах загварыг боловсруулж хэрэгжүүлсэн нь малчдын залуу халааг бэлтгэх хууль, эрх зүйн бодит боломжийг бүрдүүлсэн.

Түүнчлэн ажил олгогч болон гэрээт малчдын хоорондын хөдөлмөрийн харилцаанд үүсэж буй хүндрэл бэрхшээл, зөрчлийг шийдэх, гэрээт малчин өрх болон цөөн тоотой залуу малчин өрхийг малжуулах хөтөлбөрт хамруулах ажил орон нутагт хэрэгжиж байна. Залуу малчдын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор манай яамны захиалгаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хөдөө аж ахуйн салбарын багш, эрдэмтдийн баг “Чадамжийн есөн нэгж бүхий” залуу малчдын сургалтын хөтөлбөрийг боловсруулан та бүхний гар дээр хүргээд байна.

Залуу малчдыг мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх арга ухаанд сургах, бэлчээрийн менежментийг сайжруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, малын гаралтай түүхий эд бэлтгэл, анхан шатны боловсруулалт, мал аж ауйн салбарт хоршиж ажиллах, мал маллагааны уламжлалт арга, технологи, мал тэжээх, тэжээл үйлдвэрлэх, малыг шилж, сонгон үржүүлэх, сайжруулах чиглэлээр олгож буй мэдлэг бүхий бүсчилсэн сургалтыг яам бодлогоор зохион байгуулж байна" гэлээ.

Түүнчлэн малчдад үзүүлж буй санхүүгийн дэмжлэгийн хүрээнд:

-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгасан малчдыг дэмжих зээлийн хүрээнд 200.0 тэрбум төгрөгийг баталж, жилийн 3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээлийг 19700 иргэн, малчид, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд олгосон.

-УИХ-аас баталсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд энэ онд мал аж ахуйн салбарт 132.0 тэрбум төгрөгийн эх үүсвэр батлагдсан бөгөөд одоогийн байдлаар сүү, махны үхэр, тахианы аж ахуй, тэжээл үйлдвэрлэгчдэд 30.0 орчим тэрбум төгрөгийг олгосон.

-Сүүний үхрийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилгоор сэрүүний улиралд үндэсний үйлдвэрт нийлүүлж буй сүүний урамшууллыг 500-1000 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

-Ган, зуд зэрэг байгалийн гамшгийн үед Засгийн газар, Улсын онцгой комисс шуурхай ажиллаж өвс тэжээл, машин техник, хоол хүнс, дулаан хувцас, шатахуун зэрэг шаардлагатай асуудлыг шийдвэрлэсээр ирсэн бөгөөд 2010-2022 оны хооронд Засгийн газраас 80 гаруй тэрбум төгрөг, олон улсын байгууллагаас 128.0 тэрбум төгрөгийн тусламж дэмжлэгийг үзүүлсэн байна.

Үүний зэрэгцээ мал аж ахуйн үйлдвэрлэлд залуу малчид манлайлагч байх ёстой хэмээн тэмдэглэсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг тооцох, малын чанар, үүлдэр угсааг сайжруулах ажлын хэрэгжилтийг хангаж, бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг зохион байгуулж, салбар бүхэлдээ үр ашигтай, бүтээмж өндөртэй байх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Цаашдаа малчдын гадаад дотоод танхимын болон танилцах сургалт аяллыг өргөжүүлэх болно. Энэ жил 21 аймгийн улсын аварга малчдын туршлага солилцох аяллыг Сүхбаатар, Хэнтий аймаг руу зохион байгуулсан. Залуу малчдын өмнө нэн тулгамдаж байгаа асуудал бол мал маллах арга ухаанаа өөрчлөх, цаашилбал мал аж ахуйн үйлдвэрлэлийг механикжуулах, органик мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, стандарт шаардлагыг мөрдүүлэх, өвөл хаврыг өнтэй даван туулах бэлтгэл ажлыг зунаас эхлүүлж, хадлангаа хангалттай базаах, худаг усаа хол зайтай байлгах, засварлах, хашаа хороо, өвөлжөө хаваржаагаа өөрийн гэрээс дутахгүй тохитой, дулаан байлгахад анхаарах хэрэгтэй гэлээ.

Одоогийн байдлаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13.1 хувь, ажиллах хүчний 55.8 хувь, импортын 5.4 хувь, экспортын орлогын 6.0 хувийг бүрдүүлдэг. Манай улсын ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь буюу 305.1 мянган малчин 2022 оны байдлаар мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж буй. Мал аж ахуйн үйлдвэрлэлд доктор цолтой 94, магистр зэрэгтэй 203, бакалаврын дээд боловсролтой 14164, дипломын дээд боловсролтой 1294, техникийн болон мэргэжлийн зэрэгтэй 11985, тусгай мэргэжлийн дунд боловсролтой 7168 малчин байна.