“Модны хаягдал ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь судалгаа” төслийн удирдагчтай уулзлаа
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Япон Улсын Жайка олон улсын байгууллагаас санхүүжүүлж тус улсын “Mория” ХХК-наас хэрэгжүүлж буй “Модны хаягдал ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь судалгаа” төслийн удирдагч, “Moрия” ХХК-ны захирал Мория Нагамицү, “Сумитомо сюожи” ХХК-ны цахилгаан эрчим хүчний хэлтсийн дарга Танемото Ацүтоши болон бусад холбогдох албаны хүмүүсийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Ноён Мория Нагамицү төслийн үндсэн зорилго нь ойн өвчин, хортон, түймрийн эх үүсвэр болсон ойн хаягдлыг цэвэрлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол Улсын болон гадаадын зах зээлд бүтээгдэхүүнийг гаргах боломжийг илрүүлэх, эрчим хүчний үйлдвэр байгуулж модны хаягдлаар хийсэн түлшийг хэрэглэх, бионүүрс хийх боломжийг илрүүлэхэд оршиж буйг танилцууллаа. Уг төслийн судалгааны хүрээнд манай орны Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудад хээрийн судалгаа хийж тухайн аймгуудын ойн төлөв болон хаягдлыг судалсан байна. Түүнчлэн, тухайн хээрийн судалгаанд явсан газруудаас модны хаягдлын дээж авч Япон Улсын лабораториудад шинжилгээ хийж үр дүнг боловсруулсан юм.
Лабораторийн шинжилгээгээр модны нягт, шаталтын үед гаргаж буй энергийн дээд, доод хэмжээ, хүхэр, хлор, азот, хүнцэл, хром, кадми, зэс, хар тугалга, цайр гэх мэт үзүүлэлтүүдийг тодорхойлж Япон Улсын стандарттай харьцуулж дүгнэлт гаргасан. Тухайлбал Япон Улсын стандартаар шаталтын үед гаргаж буй хамгийн их энерги 4170 kcal/kg байдаг бол Монгол Улсаас очсон ойн хаягдлын илчлэг 4180 kcal/kg байна. Хээрийн болон лабораторийн судалгааны үр дүнгээс Монгол орны ойн хаягдлаар шахмал түлш, бионүүрс хийх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна.
Дээрх түлшний үйлдвэрийг Монгол Улсад байгуулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дотоод болон гадаадын зах зээлд гаргах, тодорхой хэдэн сумыг хангах эрчим хүчний үйлдвэр байгуулах ажлыг Жайка олон улсын байгууллага болон Япон Улсын “Moрия” ХХК дэмжиж байна. Иймд Хөвсгөл аймагт тус төслийн хүмүүс дахин ажиллах юм.
Уг төсөл нь байгаль орчин, нийгэм, эдийн засагт чухал нөлөөтэй бөгөөд Монгол Улсын ойн сангийн 33 хувь нь байдаг Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх нь бүтээгдэхүүний нөөцийн хувьд ач холбогдолтойг онцлоод, энэхүү үйлдвэртэй холбоотой одоо байгаа эрх зүйн зохицуулалтыг шаардлагатай нөхцөлд сайжруулах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.12