Монгол-Филиппин улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх сард тохионо
Улсын Их хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Бүгд Найрамдах Филиппин Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Родиёо Р.Каталан тэргүүтэй төлөөлөгчдийг /2023.08.21/ хүлээн авч уулзлаа.
Ирэх 10 дугаар сард Монгол-Филиппин улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хуралд Монгол-Филиппиний парламентын бүлгийг байгуулжээ. Тус бүлгийн даргаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, дэд даргаар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар томилогдсон байна.
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх болно.Манай хоёр улсын парламент Олон улсын парламентын холбооны Ази-номхон далайн бүлэгт багтдаг. Ирэх 10 дугаар сард Ангол Улсад болох ОУПХ, болон Ази-номхон далайн бүлгийн хуралд хоёр улсын парламент харилцан бие биеэ дэмжин оролцохыг хүсч байна.Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхийн тулд аялал жуулчлал, уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуй, батлан хамгаалах зэрэг бүхий л салбарт хамтран ажиллахдаа таатай байх болно. Тэр дундаа манай улс аялал жуулчлалыг тэргүүлэх салбаруудын нэг хэмээн хөгжлийн бодлогоо тодорхойлж байна. Монгол Улс хөдөө аж ахуйн орон учраас малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох боломж бий.
Мөн боловсролын салбарт ажиллаж буй багш нарын англи хэлний боловсролыг сайжруулахад Филиппин улстай хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийллээ. Тэрбээр цааш нь өөрийн улсын парламентад Филиппин-Монголын парламентын бүлэг байгуулахыг хүсээд хоёр улсын парламентын харилцааг шинэ шатанд гаргахад харилцан хамтран ажиллахын чухлыг онцоллоо.Бүгд Найрамдах Филиппин Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Родиёо Р.Каталан, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байна. Тийм ч учраас манай Элчин сайдын яамны хөдөө аж ахуй, батлан хамгаалах, эрүүл мэнд, аялал жуулчлал, бизнесийн чиглэлийн үйл ажиллагааг хариуцдаг зөвлөхүүд хүрэлцэн ирсэн.
Мөн Филиппин улсын аялал жуулчлалын тэргүүлэх агентлагийн төлөөлөгч Монгол Улсыг сонирхон ирсэн. Бид чиглэл чиглэлээрээ хамтран ажиллах шинэ боломжуудыг судалж, танилцаж, улмаар хамтын ажиллагааны уулзалтуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, Худалдаа аж үйлдвэрийн танхимынхантай хийх уулзалтдаа ихээхэн ач холбогдол өгч байгаа. Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар сонирхож байна.Филиппин-Монголын парламентын бүлэг байгуулахад нэн даруй анхаарч ажиллана гээд парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахад ихээхэн түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ