Газрын тос боловсруулах үйлдвэр барих нэг тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөхөөр болов
2023.08.18

Газрын тос боловсруулах үйлдвэр барих нэг тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөхөөр болов

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын “Эксим" банкны төлөөлөгчдийг Сангийн сайд Б.Жавхлан хүлээн авч уулзан, “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийн хүрээнд хийгдэх гурван багц ажлын зээлийн дэд гэрээг үзэглэлээ.

Дэд зээлийн гэрээг байгуулснаар:
  • Монгол улсын Засгийн газар 2016 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Эксим” банктай байгуулсан нэг тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах,
  • EPC-02 болон EPC-03 багц ажлын гэрээний үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг дахин долоон жилээр сунгах,
  • Богино хугацаанд их хэмжээний төлбөр төлөх байсан төсвийн дарамтыг бууруулах
  • EPC-02 болон EPC-03 багц ажлын гүйцэтгэгчийн гэрээг баталгаажуулж, гүйцэтгэгч компаниудын санхүүжилтийг олгож эхэлснээр Монгол Улс БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд стратегийн өндөр ач холбогдол бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл” саадгүй үргэлжлэх зэрэг давуу талууд бий болж байна гэж БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Мөн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын мэдээлснээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн байгууламж тус бүрийн инженерчлэлийн ажилд зарцуулагдах хугацааг харгалзан, бүтээн байгуулалтын ажлыг ЕРС-01, ЕРС-02, ЕРС-03, ЕРС-04 (ЕРС: Инженерчлэл-Худалдан авалт-Барилга угсралт) гэсэн дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж байгаа.

ЕРС-01 багц ажил буюу Технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг 2021 онд эхлүүлсэн. Энэ онд багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

ЕРС-02, 03 багц ажил болон түүхий тос дамжуулах хоолой байгуулах ажлын гүйцэтгэгчийг 2022 онд сонгон шалгаруулж, гэрээг байгуулсан. Одоогийн байдлаар зураг төслийн ажлыг эцэслэх шатандаа явж байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард үйлдвэрийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүлсэн.

EPC-04 багц ажлын барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан талаар Элчин сайд М.П.Сингх танилцуулсан юм.

Тэрбээр, Монгол Улсын Сангийн сайд болон БНЭУ-ын Эксим банкны удирдлагууд өнөөдөр Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн ЕРС-01, ЕРС-02, ЕРС-03 багц ажлын зээлийн гэрээг шинэчлэн байгуулж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2030 он хүртэл хойшлуулсан байна.