Т.Аубакир: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай
2023.06.07

Т.Аубакир: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.06.07/  хуралдлаа. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшингөөс Монгол Улсын шадар сайдад хандаж тавьсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар” тавьсан асуултын хариуг сонссон юм. 

Асуултын хүрээнд байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

"Монгол Улсын Засгийн газраас санаачлан Монгол Улс дотооддоо нефть үйлдвэрлэх боломжтой гээд 2 улсын Засгийн газар тохиролцоод төслийн нэгжийг байгуулсан. Төслийн нэгжийн н.Алтанцэцэг захиралтай хамт олон хөлөө хүрэх газраа хүртэл л явж байгаа. Харин Засгийн газрын түвшний хүмүүс, албан тушаалтан хариуцлагагүй байна. Маш ойлгомжтой саад тотгор байгаа. Засгийн газар, харьяа яам, Эрдэнэс Монгол компани байна. Сэтгэл гаргавал болохгүй зүйл байхгүй асуудал. Ер нь ажлыг барьж аваад сэтгэл гаргаад хийе гэсэн хүн хийдэг. Төслийн нэгжийнхэн бол аргаа барж байгаа. Гааль дээр 1 жилийн хугацаатай техник оруулж ирж ашиглаад буцаана. Гэтэл техник тоног төхөөрөмжийг нь урт хугацаанд ашиглахаар Засгийн газар холбогдох байгууллага нь асуудлыг шийдэх боломжтой.

Мөн зээлтэй холбоотой асуудал байна. Эрдэнэс Монгол компани асуудлыг хөөцөлдөөд шийдвэрлэх чадамжгүй юм уу? эсвэл Монгол Улс нефтийн үйлдвэртэй болчихоосой гэж боддоггүй юм уу? Засгийн газарт асуудлаа оруулаад зээл, санхүүжилтээ шийдээд, Гааль, Сангийн яам хамт суугаад шийдэх боломжтой асуудал.

Сүүлийн үед төрийн байгууллага, алба хаагчдын сэтгэлгүй, ажлаа мэддэггүй, арчаагүй байдал, авлига аваад л сууж байх бодолтой болсон. Улсын ажил чухал биш хувийн эрх ашгаа өмнөө тавьчихсан. Ийм байдалтай явмааргүй байна. Нефтийн үйлдвэртэй болно гэж байгаа бол энэ үйлдвэрийг барих хэрэгтэй."