E-Gate буюу цахим гарцаар 20 секундэд хил нэвтэрнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилгын дагуу Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нийтийн түлхүүрийн санд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 82 дахь гишүүн улс болон нэгдэн орсон.
Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын /ICAO/ нийтийн түлхүүрийн санд гишүүнээр элсэн орсноор ICAO-оос батлан гаргасан чиптэй цахим гадаад паспортын стандартын дагуу олон улсад хүчин төгөлдөр байх гадаад паспорт гаргах боломжтой болсон юм.
Тус ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханаар ахлуулсан баг 2022 оны 12 дугаар сард Канад улсад ажиллаж, Монгол улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нийтийн түлхүүрийн санд Үндэсний гэрчилгээ олгогч байгууллагын нийтийн түлхүүрийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн.
Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Үндэсний энгийн цахим гадаад паспортын захиалга авч эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 140 мянга гаруй иргэнд Үндэсний энгийн цахим паспортыг олгосон байна.
Энэхүү ажлын үргэлжлэл болгон Монгол улсын Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр “Automated Border Control Gates буюу E-Gate” төхөөрөмжийг 2023 оны 08 дугаар сард ашиглалтад оруулснаар Монгол улсын иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ энгийн цахим гадаад паспортоо “E-Gate” төхөөрөмж дээр уншуулан хилээр нэвтрэх боломжтой боллоо. Уг төхөөрөмж нь ашиглалтад орсноор хилийн шалган нэвтрүүлэх цэгээр түргэн шуурхай, цаг алдалгүй нэвтрэх юм.
Чингис хаан олон улсын нисэх буудалд хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт E-Gate буюу цахим гарцыг ашиглаж эхэлжээ.
Тус цахим гарцыг ашиглаж эхэлснээр шалган нэвтрүүлэгчид очихгүйгээр цахим гадаад паспортоо E-Gate-д уншуулан хилээр нэвтрэх боломжтой юм. Гэхдээ E-Gate-ээр зөвхөн цахим гадаад паспорттой Монгол Улсын иргэн нэвтрэх юм байна.
Манай улсын иргэд энэ оны гуравдугаар сарын 1-ээс цахим чиптэй үндэсний энгийн цахим гадаад паспортыг захиалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 140 мянга гаруй иргэн цахим паспорттой болсон байна. Цахим гадаад паспортын нэгэн давуу тал нь Чингис хаан олон улсын нисэх буудлын E-Gate-ээр хил нэвтрэх, урт дараалалд орохгүй байх боломжийг үүсгэжээ.
E-Gate ашигласнаар хилээр нэвтрэх үед өөр хүний бичиг баримт ашиглах эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм. Учир нь E-Gate иргэдийн цахим гадаад паспортыг өөрийнх нь бодит байдалтай нь харьцуулах чадамжтай. Цаашдаа гадаад улсуудтай харилцан тохиролцсоны дараа гадаадын иргэдийг цахим гарцаар нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн цахим үндэстэн болох бодлогын хүрээнд E-Gate-ийг Замын-Үүдийн хилийн боомтод нэвтрүүлэхээр төлөвлөжээ.